М.Рубио: Оросын тал дайныг дуусгах "шинэ арга замыг" санал болгосон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-11 11:31:28

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны долоодугаар сарын 11 /BBC/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийжээ. Уулзалтын дараа М.Рубио хэлэхдээ, Москва Орос-Украины дайныг дуусгах "шинэ арга замыг" санал болгосон гэж мэдэгдсэн боловч ямар санал дэвшүүлснийг дурдсангүй.


АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод болсон байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр С.Лавровтой хийсэн уулзалт 50 орчим минут үргэлжилжээ. 


ОХУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүнтэй хийсэн яриа хэлэлцээ нь “илэн далангүй, чухал” байсан гэж М.Рубио уулзалтын дараа мэдэгдээд, Оросын тал мөргөлдөөнийг шийдвэрлэх “шинэ бөгөөд өөр” арга замыг санал болгосон хэмээн онцолжээ. “Үүнийг би энх тайвныг тогтоох санал гэж хэлэхгүй, гэхдээ энэ бол би өнөөдөр Ерөнхийлөгчид танилцуулахаар төлөвлөж буй нэг санаачилга юм” гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.


Оросын тал өмнө нь зургаадугаар сарын 2-нд Истанбулд Украины төлөөлөгчидтэй хийсэн хоёр дахь шатны хэлэлцээний дараа дайныг зогсоох нөхцөлүүдээ тусгасан санамж бичгийг нийтэлжээ.


Үүний дараа Украины тал мэдэгдэхдээ, Москва Украины таван бүс нутгийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх, эдгээр бүс нутгаас Украины Зэвсэгт хүчний цэргүүдийг гаргах, мөн Украины цэргүүдийн тоог эрс цөөлөх, НАТО-д элсэх хүсэлтээсээ татгалзах гэсэн давсан хэмжээний шаардлагуудыг тавьж байна гэжээ. Оросын тал мөн Украины зарим хууль тогтоомжийг өөрчлүүлэхийг шаардаж байгаа бөгөөд үүнийгээ "орос хэлтэн хүн амд" санаа зовж байгаатай холбон тайлбарласан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Оросын тал Украинтай холбоотой асуудалд “илүү уян хатан байдал” үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн гэдгийг М.Рубио мөн дурдсан байна.


Харин Оросын Гадаад хэргийн яам уулзалтын талаар мэдээлэхдээ "Украиныг тойрсон асуудал, Иран, Сирийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, түүнчлэн олон улсын бусад олон асуудлын талаар бодитой бөгөөд илэн далангүй санал бодлоо солилцсон" гэж бичжээ.

Related news