Н.Мадуро 18 сарын дараа огцроход бэлэн гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 18 сарын дараа албан тушаалаасаа буухад бэлэн гэдгээ АНУ-ын төлөөлөгчидтэй албан бус хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн тухай CNN телевиз эх сурвалжийг эш татан ням гарагт буюу өчигдөр мэдээлжээ.
Н.Мадурогийн засаг захиргаа хоёр улсын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгчдөд хандсан гэж эх сурвалж хэлжээ. Венесуэл, АНУ-ын засаг захиргаадын хоорондох зөрчлийг шийдвэрлэхийн тулд огцрох саналыг хүлээн зөвшөөрч болно гэж Америкийн зарим албан тушаалтан үзсэн хэдий ч Венесуэлийн Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа нэн даруй буух ёстой гэж Цагаан ордон эцсийн шаардсаар байна.
Венесуэлийн агаарын орон зайг хаагаад байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сарын 29-нд Truth Social нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдыг мансууруулах бодисын хууль бус наймаачидтай хангалттай хэмжээнд тэмцээгүй гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч Gerald R.Ford хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын хөлөг онгоц, цөмийн шумбагч онгоц, 16 мянга гаруй цэргийн албан хаагчийг Карибын тэнгист байрлуулсан байна. Есдүгээр сараас хойш АНУ-ын Зэвсэгт хүчин тус бүс нутагт 20 орчим хөлөг онгоцонд цохилт өгсний улмаас 80 гаруй хүн амиа алджээ.
АНУ-ын тал ойрын үед Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт өгч магадгүй гэж сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр мэдээлж байна. Д.Трамп 11 дүгээр сарын 27-нд мэдэгдэхдээ, Венесуэлийн мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэгчидтэй “тун удахгүй хуурай газар дээр” тэмцэж эхэлнэ гэж хэлсэн хэдий ч цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Ulaanbaatar