БРИКС-ийн уулзалтаар хамтарсан тунхаглал баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-09 11:27:04

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2025 оны долоодугаар сарын 8 /Kazinform/. БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын 17 дахь удаагийн уулзалт Бразилын Рио-де-Жайнеро хотноо боллоо. Энэ удаагийн уулзалтаар тус бүлгийн орнууд дэлхийн засаглал, санхүү, эрүүл мэнд, хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлт болон стратегийн бусад чиглэлийг хамарсан 126 үүрэг амлалт хүлээжээ. 


Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хөгжиж буй эдийн засагтай 11 улсын удирдагчид Рио-де-Жанейрогийн уулзалтын Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зуржээ. “Илүү хүртээмжтэй, тогтвортой засаглалын төлөө дэлхийн өмнөд бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” гэдэг нэртэй уг баримт бичигт БРИКС-ийн гишүүн орнууд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хууль эрх зүйг хамгаалах, илүү шударга дэг журмыг тогтоох үүрэг амлалтаа дахин нотолсон байна. 


Уг баримт бичгийг өлсгөлөнг үндсээр нь устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, шинэ технологи хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, 200 шинэ механизмыг бий болгох асуудлаар хийсэн 200 гаруй уулзалтын үр дүнд эцэслэн боловсруулжээ.


БРИКС-ийн гишүүн орнууд мөн НҮБ-ын дүрэмд тусгагдсан зорилго, зарчмуудыг багтаасан олон талт хамтын ажиллагаа, олон улсын хууль эрх зүйг хамгаалах үүрэг амлалтаа дахин нотолсон байна. Мөн уг баримт бичигт хөгжиж буй орнууд, ялангуяа Африк, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын улс орнуудыг дэлхийн хэмжээний шийдвэр гаргах үйл явц ба бүтцэд илүү өргөнөөр оролцуулахыг уриалсан байна. 


Хиймэл оюуны зохицуулалт анх удаа БРИКС-ийн дээд түвшний уулзалтаар хэлэлцэх асуудлын гол хэсэгт багтжээ. Хамтарсан тунхаглалд хиймэл оюун нь илүү цэцэглэн хөгжсөн ирээдүйн зүг урагшлах онцгой боломж гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд хиймэл оюуныг дэлхийн хэмжээнд зохицуулах нь үүсэж болзошгүй эрсдэлүүдийг багасгаж, Дэлхийн өмнөд бүсийн орнуудыг оруулаад бүх улсын хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх ёстой гэдгийг баримт бичигт онцолсон байна. 


БРИКС-ийн орнууд мөн 11 дүгээр сард Бразилд зохион байгуулах “COP30” бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд “Ширэнгэн ойг үүрд хамгаалах сан” (TFFF) нь халуун бүсийн ойг хамгаалах урт хугацааны санхүүжилтийг татах шинэ механизм гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “Уур амьсгалын бодлогын хүрээнд ирэх таван жилийн хугацаанд чадавхаа өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай нөөцийг дайчлан татах төлөвлөгөөг Хамтарсан тунхаглалд тодорхойллоо. БРИКС-ийн орнуудын хамтын хүчин чармайлтын ачаар бид уур амьсгалын хямралыг даван туулахын зэрэгцээ эдийн засгаа илүү хүчирхэг, шударга болгох болно” гэж баримт бичигт дурдсан байна.


Тунхаглалд тусгасан гол үүрэг амлалтуудын нэг бол дэлхийн янз бүрийн бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөн, олон улсын дэг журмын өнөөгийн туйлшрал, хуваагдалтай тэмцэх үүрэг амлалт юм. БРИКС-ийн орнуудын удирдагчид дэлхий даяарх цэргийн зардал нь хөгжиж буй орнуудын хөгжлийг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээгээр нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. 


Уламжлалт тунхаг бичгээс гадна тус бүлгийг даргалагч орны хувиар Бразил улсын хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тусгасан гурван баримт бичгийг баталсан байна.



Related news