MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Ли Чян Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-08 11:26:17

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 8 /Kyodo/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Умард Солонгост пүрэв гаргаас эхлэн гурван өдрийн айлчлал хийж, Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. 


Хятадын хоёр дахь өндөр албан тушаалтны айлчлал нь Умард Солонгосын тал Оростой цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаагаас үүдэн хурцдаад байсан хоёр талын харилцаа сайжирч байгааг онцлон харуулж байна.


Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалаар дамжуулан Хятадын тал Умард Солонгостой “стратегийн харилцаа холбоогоо сайжруулж, харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байна” гэж тус яам мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.


Ли Чяны айлчлал нь 2024 оны дөрөвдүгээр сард эрх баригч Хятадын Коммунист намын гуравдугаарт эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан Жао Лэжи хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус улсад айлчилснаас хойш Хятадын удирдлагын гишүүн Умард Солонгост хийсэн анхны айлчлал болох юм.


Умард Солонгосын “Air Koryo” компани Пёньянд болох баярын үйл ажиллагаанд оролцох зочдод зориулан мягмар гаргийн өглөө Бээжингээс тусгай нислэг үйлджээ.


Хятад бол Умард Солонгосын хамгийн ойрын түнш бөгөөд эдийн засгийн хувьд хамгийн нөлөөтэй орон юм. Хоёр улс 1950-1953 оны Солонгосын дайнд АНУ тэргүүтэй НҮБ-ын хүчний эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан бөгөөд тэдний харилцааг “тангараг өргөсөн ахан дүүсийн” харилцаа хэмээн тодорхойлж иржээ.  


Гэвч сүүлийн үед Оросын цэргүүд Украин руу довтолж, Умард Солонгосын олон мянган цэргийг дайнд татан оролцуулсан тухай мэдээлэл гарсны дараа хоёр орны харилцаа “хүйтэрсэн” бололтой байв.


Өнгөрсөн сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Дэлхийн II дайнд Япон бууж өгсний 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцохоор Бээжинд айлчилсан юм. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд анх удаа биечлэн уулзах үеэр талууд найрамдалт харилцаагаа хадгалж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.


Үүний зэрэгцээ Вьетнамын дээд удирдагч То Лам, ОХУ-ын Ерөнхийлөгч асан, эрх баригч “Нэгдмэл Орос” намын дарга Дмитрий Медведев нар Пёньянд болох үйл ажиллагаанд оролцох төлөвтэй байна.


Ким Жөн Ун мөн Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулитийг нам үүсэн байгуулагдсаны ойн үйл ажиллагаанд оролцохыг урьсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


Нам байгуулагдсаны ойг тохиолдуулан Пёньянд цэргийн томоохон парад зохион байгуулахаар бэлтгэж байна гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчинд ойр эх сурвалж мэдээлсэн байна.

Related news