Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 18:57:05

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.06/ хуралдаан 14 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай, мөн Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийсэн юм.

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьжээ. Тухайлбал, оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ.

Манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Засгийн газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна.

Оросын тал харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэсэн саналыг дахин тавьжээ. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэний үндсэн дээр Ерөнхий сайдын захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд нар сайдаас асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Хэлэлцээр, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ талаарх танилцуулгадаа, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах санаачилгыг БНХАУ гаргаж, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох санал тавьсан.

Энэ саналын дагуу Банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод банк үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Энэ банкийг байгуулснаар улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа. Иймээс хуулийн дагуу уг хэлэлцээрийг соёрхон батлах шаардлагатай байгааг дурдав.

Сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.

Одоогийн байдлаар дэлхийн 57 улс, үүнээс бүс нутгийн 37 улс тус банкны гишүүнээр элсээд байгаа аж. Банкны хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг тус банкны нийт гишүүн улс, орнуудын ДНБ-нд суурилж тооцоолсон бөгөөд манай улсын хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага буюу нийт 41,14 сая ам.доллар болж байгаа агаад үүний 20 хувь буюу 8,22 сая ам.долларыг 5 жилийн хугацаанд 5 хувааж хувь нийлүүлэх юм байна.

Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн юм.

Монгол Улсын иргэд олноор зорчдог, оршин суудаг бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон ялтан шилжүүлэх асуудлаарх олон улсын олон талт гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь БНЭУ юм. Сүүлийн таван жилийн хугацаанд манай улсын 5 иргэн БНЭУ-д гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн хорих ялаар шийтгэгдэн 2011 онд суллагдсан. Харин өнөөдрийн байдлаарманай улсаас БНЭУ-д болон Энэтхэг улсаас Монгол Улсад ял эдэлж байгаа иргэн байхгүй гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Хэдийгээр хоёр оронд ял эдэлж байгаа иргэд байхгүй боловч эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2015 оны 3 сард ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгож төслөө хүргүүлснийг Энэтхэгийн тал дэмжсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдөр Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь уг гэрээг соёрхон батлахыг дэмжив. Манай улс өнөөдрийн байдлаар 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байгаа аж.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр асуудлыг зөвшилцөв

Тус байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөхасуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулга хийсэн юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд манай улс 1964 онд гишүүнээр элсчээ. Тус байгууллагын эрх барих дээд удирдах байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийнбага хурал бөгөөд 4 жилд нэг удаа хуралддаг аж. 2010 онд Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаар хэлэлцэн баталсан ОУЦХБ-ын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм болон Конвенцийг соёрхон батлуулах шаардлагын үүднээс уг асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Мөн “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д нэгдэн орохыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хийсэн юм.

2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали хотод болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын 9 дэх удаагийн Бага хурлаарДэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр)-ыгхэлэлцэн тохирсон бөгөөд энэхүү протоколд гишүүн орнуудын гуравны хоёр нь нэгдэн орсноор хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

Уг протоколд нэгдэн орсноор түүний хавсралт Худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудгаалийн үйлчилгээг шуурхай болгох, хилээр чөлөөтэй нэвтрэх, дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэхүү санаачлага нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Санаачилгыг хэрэгжүүлэхэд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллага болон донор орнууд, олон улсын байгууллага санхүү, техникийн туслалцаа үзүүлэх юм гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа. Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд нар асуулт асууж тодруулсан юм.

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хороо эцэст нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хийсэн юм. Манай улсад суугаа гадаадын зарим орны Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын зарим байгууллагын ашиглаж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулж Засгийн газраас уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, З.Энхболд нар Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Related news
Comments