ХӨВСГӨЛ: Я.Оюун гуай өдөрт 2 тонн ус зөөж тарьсан мод, бутаа усалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 12-р багийн иргэн Я.Оюун гуай арав гаруй жил хөдөлмөрлөсний үр дүнд хашаандаа 100 гаруй төрлийн жимсний мод, бут бүхий төгөл байгуулжээ.
Я.Оюун “ Хүн нас ахих тусам хөдөлгөөн хийх нь чухал юм байна. Өглөөний 6 цагаас эхлэн зэрлэгээ зулгааж, модоо услаад нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм. Би хашаандаа үхрийн нүд, монос, мойл, нохойн хошуу, чацаргана, давжаа алим, чавга гээд 10 жилийн хугацаанд 102 төрлийн мод бут, жимснүүд тарьсан. Ойрд жимсээ хураагаад зав муу байна. Усаа өөрөө зөөдөг. Өдөрт 2 тонн усыг гараар зөөж жимсний төглөө усалж байна. Заримдаа хүүхэд багачууд таараад тусална. Усалгааны асуудлаа шийдчихвэл Хөвсгөл нутгийн хөрсөнд ямар ч жимс, мод ургана” хэмээн ярьж байлаа.