Монгол, Канадын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ноён Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан УИХ, Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд, “Канад Улсын парламент өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдсан. Мөн Монгол Улсын шинэхэн байгуулагдсан парламентын анхны зочин болж байгаадаа баяртай байна. Монгол, Канадын хамтын ажиллагаа 40 гаруй жилийн турш хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагаа цаашид байгалийн баялаг болон хүн амын амьдралыг сайжруулахад шууд нөлөөлөхүйц боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хөгжих байх гэж найдаж байна. Эдийн засаг болон нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хоёр талын парламентын харилцан айлчлал маш чухал үүрэгтэй. Үүнд өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд ч томоохон нөлөөтэй гэж үзэж байгаа” хэмээв.
УИХ-ын дарга М.Энхболд, “Хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал болдог сайхан уламжлалтай. Энэ удаагийн айлчлал бол 10 жилийн дараа болж байгаагаараа онцлог. Түүнчлэн Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлал шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсан мөчид болж буй анхны айлчлал юм. Бидний албан ёсны хэлэлцээгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшин, цаашдын зорилтын талаар ярилцлаа. Энэ үеэр хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх талаар санал бодлоо хуваалцлаа. Канад улс Монголтой олон жилийн найрсаг харилцаа, хамтран ажиллаж ирсэн бидний гуравдагч хөрш юм. Канад бол Монголд хөрөнгө оруулагч орон. Бид сая “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ бол хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аюулгүй байдлыг хангах тал дээр тодорхой бодлого, зорилтуудыг тавьж ажиллаж байгаа.
Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Канад Улс бол манай улсад олон хөгжлийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байсан. Цаашдаа үүнийгээ хөгжүүлэх боломж нээгдэж байгаа. Ялангуяа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал баримт бичиг юм.
Аливаа улс орнуудын хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд “УИХ-ын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллагынхаа ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох, чиглэлээр хамтарч ажиллахаар тусгасан. Баримт бичигт гарын үсэг зурснаар олон жилийн түүхтэй Канадын парламентаас суралцах боломж нээгдэж байгаа юм.
Эрхэм зочны айлчлал маргааш үргэлжилнэ. Хүндэт зочин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар ярилцахаар төлөвлөсөн. Дараа нь Монголын түүх соёлын онцлогийг харуулсан газруудтай танилцах, Канадаас Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй газар дээр нь танилцах зэргээр айлчлал үргэлжилнэ” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав.
-Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Аливаа улс орны эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүрэг маш чухал. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар цаашдаа Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад баталгаа олгож байгаагаараа онцлог юм. УИХ болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны ард түмний сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна.
-Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлэд түлхүү хөгжүүлэх ямар боломж, гарц байна гэж үзэж байна вэ. Энэ удаагийн айлчлал энэ чиглэлд ямар бодит алхам бий болгож чадах вэ?
-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг авч үзвэл эдийн засагт нилээд анхаардаг байсан. Нөгөөтэйгүүр Монгол оронд ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих, хүний эрхийг хамгаалах, хүмүүнлэг ёс тогтоох бүхий л асуудалд Канадын тал дэмжлэг үзүүлж, туршлага хуваалцаж ирсэн. Аливаа улс орнуудын хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засгийн харилцаа гол байр суурь эзэлдэг. Бид уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтарч ажилладаг. Хоёр орны хооронд гарын үсэг зурсан баримт бичгүүд ч эдийн засгийн харилцааг зохицуулсан байдаг. Бид бол уул уурхайн салбарт хамтарч ажиллах боломж өндөр гэж үзэж байгаа. Канадын уул уурхайн салбартаа хуримтлуулсан туршлага, тэдний мэргэжилтнээ бэлтгэж байгаа байдал, нөхөн сэргээдлт, шинэ технологи зэргээс нь суралцах шаардлага бий. Өнөөдөр ч бас хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр гарын үсэг зурсан нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй. Энэ удаагийн айлчлал бол хоёр орны эдийн засгийн хөгжлийг хурдасгахад өндөр ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байгаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news

