Ардын хувьсгалын 104 жилийн ойн наадмын бөхийн барилдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 14:29:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.


Энэ жилийн наадамд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн зодоглож байна. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга дөрөв, арслан найм, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 48, нийт 102 улсын цолтой бөх барилдах юм. Түүнчлэн аймаг, цэргийн арслан 125, заан 29, харцага 18, начин 72, сумын заан 102, начин 15, залуу 49 бөх зодоглоно. Наадамд зодоглох бөхчүүдээс хамгийн ахмад нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүнчлэн улсын арслан До.Ганхуяг, заан Ц.Мягмарсүрэн, харцага Ш.Уламбаяр нар төрийн наадамдаа барилдана. Өнөөдөр нэг, хоёрын даваа үргэлжилнэ.


Ташрамд сонирхуулахад, дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар энэ жилийн наадмыг өнжиж байна. Ингэснээр ард олноо "зургаан залуу заан" хэмээн хайрлагдсан хүчтэнүүд дахин наадмын торгон ногоон дэвжээнд зодоглохгүй болж, түүхэнд үлдлээ.















Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Related news