БАЯНХОНГОР: Хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн Өргөөтийн рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Өргөөтийн рашаан гэж бий.
Өргөөтийн рашаан нь Баянхонгор аймгаас 75 км, Галуут сумаас 35 км зайд Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино. Уг рашаан нь Хангайн гол их нурууны өврөөс ундран гарсан байдаг.
Энэхүү хүйтэн рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн бөгөөд зуны дэлгэр цагт уг рашааныг ууж бас туулж хэрэглэдэг.
Рашааныг эмчилгээний журмаар хэрэглэх хүмүүс голцуу 3-5 хонодог бөгөөд эмчилгээний гам барих зорилгоор тэндээсээ Үүдийн давсанд ордог уламжлалтай. Ингэснээр эмчилгээ бүрэн хийгдсэн гэж үзэж болно. Энэхүү рашаанд гурван жил тасралтгүй орсноор өвчин бүрэн илааршна.