БАЯНХОНГОР: Аймгийн начин Х.Балжинням долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Баянхонгор аймаг байгуулагдсаны 84 жил, Үндэсний их баяр наадмаа Хонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүү, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээ, "Жийп сервис" компанийн бөх Монгол Улсын начин Б.Баянжаргал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Тэргүүн Богд" дэвжээ, Нэгдэл клубийн бөх Ж.Чулуунбат, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, "Хантайшир" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх, Улсын начин Б.Хишигбаатар, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-167 анги, "Тэргүүн Богд" дэвжээ, "Батжин Транс" ХХК-ийн бөх, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглов.
Барилдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээ, "Буянт Богд трейд" группийн бөх, аймгийн начин Х.Балжинням түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Бүндэр" ХХК, "Хонгор Ойл" ХХК, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Т.Баттогтох үзүүрлэж заан цолны чимэг нэмлээ.
Мөн энэхүү наадмаар шинээр аймгийн начин цолны болзлыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын заан Ц.Болдбаатар, Богд сумын харьяат, сумын заан О.Тамир нар хангасан байна.
Сонирхуулахад, Баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн аймгийн начин Х.Балжинням
Нэгийн даваанд сумын заан Б.Тэмүүлэн
Хоёрын даваанд аймгийн начин Н.Бат-Эрдэнэ
Гурвын даваанд улсын начин Б.Баянжаргал
Дөрвийн даваанд аймгийн арслан Э.Өлзийбаяр
Тавын даваанд аймгийн арслан Б.Түвшинтөгс
Зургаагийн даваанд сумын заан О.Тамир
Долоогийн даваанд аймгийн арслан Т.Баттогтохыг давжээ.
Х.Балжинням 1998 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн, 181 см өндөр, 108 кг жинтэй. 2017 онд сумын заан, 2019 онд сумын заан (1 баталсан), 2020 онд аймгийн начин цол хүртэж байжээ. Харин наадамд үзүүрлэж заан цолны чимэг нэмсэн Т.Баттогтохын хувьд 1997 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн, 184 см өндөр, 140 кг жинтэй. 2016 онд сумын начин, 2017 онд сумын харцага, 2018 онд сумын заан, 2020 онд сумын заан (1 баталсан), 2022 онд сумын заан (2 баталсан), 2023 онд аймгийн арслан болсон юм.