БАЯНХОНГОР: 3000 жилийн түүхтэй буган чулуун хөшөөг сэргээн босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-09 10:55:27
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумдын заагт байдаг 3000 жилийн түүхтэй /Монгол орны хамгийн өмнө байрлалтай буган хөшөө байж мэдэх/, давтагдашгүй гайхамшигтай ур хийцтэй нэн ховор хөшөөг 2010 оны үед соёлын өвийн тонуулчид эвдэн сүйтгэсэн байдаг. Хэд хэд хугарч унасан байсан дурсгалыг түүхч-археологич Ю.Болдбаатар нээн илрүүлж, Богдын сумын “Цэлгэр 4” багийн иргэн Ч.Пунцаг, Баянлиг сумын харьяат П.Энхтайваны гэр бүл, ураг удмынхан ивээн тэтгэн засварлах ажлын зардлыг хариуцаж, сэргээн босголоо.

Эл хөшөөнд малгай, нүүрний хос ташуу зураас, цагирган ээмэг, хүзүүний 21 хэлхээтэй зүүлт, ар шил дээр цагиргалсан ирвэс, хоёр хажуу дээр 7 хандгай бусний урд талд байлдааны морин тэрэгний жолоог сойх гоёмсог өлгүүр дэгээ, баруун ташаандаа ишэндээ мунцуурга бүхий байлдааны зээтүү, ар талдаа балтагтай чичлүүр хутга, зүүн ташаанд 2 төрлийн хутга зэрэг зэр зэвсгийг нарийн нямбай, тод дүрсэлжээ.

Буган хөшөө хэмээх хүрэл зэвсгийн үеийн урлагийн онцгой бүтээл дэлхий дээр 1700 орчим байдгийн 80 хувь нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт бий.

Буган хөшөө нь монголын түүхэн дэх хүрлийн үеийнхний шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээг шингээсэн урлаг соёлын гайхамшигтай цогц дурсгал бөгөөд 2023 онд ”ЮНЕСКО”-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар "Буган чулуу хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд" өвийн газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Энэхүү түүх, соёлын хосгүй нандин өв болох Хүйтэн Өтөгийн буган хөшөөг хуучнаар Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээний шавийнхан буюу одоогийн Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумын заагт ийн сэргээн босголоо.
Related news