БАЯНХОНГОР: Үндэсний бөхийн улсын цолтой 24 хүчтэнтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Баянхонгор аймаг байгуулагдсаны 84 жилийн баяр наадам эхэлж байна. Баяр наадмын эрийн гурвын наадамтай холбоотой товч статистик бэлтгэлээ.
Баянхонгор аймаг үндэсний бөхийн улсын цолтон 24 хүчтэнтэй. Тодруулбал, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 1, улсын харцага 2, Улсын начин 19 бөхтэй. Аймаг, цэргийн арслан 55 бий.
Харин үндэсний сурын харваагаар улсын мэргэн 1, улсын өсөх идэр мэргэн 21, аймгийн мэргэн 40.
1994-2025 оны хооронд Монгол Улсын Алдарт уяач 17 төрөн гарсан бол улсын наадмын түрүү, айраг, аман хүзүү нийт 25 хурдан хүлэг бүртгэгджээ. Хонгор нутгийн хурдан хүлгүүдээс улсын наадмын түрүү 4, аман хүзүү 5, айраг 16-г хүртсэн байна.
П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзсэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан ундууцаж наадмыг орхин, цолыг нь олгоогүй байна. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон түүхтэй. Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа П.Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөөлийг ч хохироосон юм” гэжээ.
Аюуш 1921 оны цагаагчин төмөр тахиа жил одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтанширээ гэдэг газар эмэгтэй Пагмын хүү болон төржээ. Тэрээр эхтэйгээ хоёулаа цөөвтөр ямаатай, хар багаасаа түүнийгээ маллан аж төрөн явсаар 10 настайгаасаа эхлэн адуу, тэмээ малласаар хүч бяр сууж эхэлсэн байна. П.Аюуш 17 настайгаасаа бөхийн аманд гарч барилдаж. Тэгээд 21 насандаа Богд, Жинст, Баялаг сумдын наадамд дараалан түрүүлж сумын заан цолтой даага хөтлөн ирж, ижийгээ баярлуулан, нутгийн олон түмэнд Пагмын хүү ч сайн бөх болох нь гэсэн итгэл төрүүлжээ.
Бяр чадал орж барилдах хүсэлд хөтлөгдсөн үедээ 1942 онд эр цэргийн албанд татагдаж Архангай аймаг дахь 31 дүгээр морьт хороонд хоёр жил алба хаагаад 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхдийн хамт шилэгдэн ирж, нисэхэд цэргийн алба хааж байхдаа яармаг, голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх тодотголтой болжээ.
П.Аюуш арслан дунд зэргийн нуруутай 180-185 см өндөр, 90 кг орчим жинтэй цайвар цагаан царайтай, сугадаж тонгорох, барьцгүй цохиж хавсрах мэхийг сайн эзэмшсэн, мэхийг их хурдтай, даацтай хийдэг бөх байв. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд, аймгийн төр захиргааны байгууллага, бөхөд элэгтэй түмэн олны буянаар П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн явдал төдийгүй нутаг орноосоо дахин ийм алдартай бөх төрүүлэх бэлгэдэл болсон байна.
Related news

