БАЯНХОНГОР: Яруу найрагч У.Энхбаяр “Хүрэн морь” цом гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-25 09:28:55

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь-2025” яруу найргийн наадам энэ сарын 19-нд Баянхонгор суманд боллоо.


35 дахь жилдээ болж буй тус наадмыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн Нийтийн номын сан, Хүүхдийн Тэмүжин театр, МЗЭ-ийн салбар Баянхонгор аймгийн Зохиолчдын холбоо хамтран зохион байгуулав. 


Яруу найргийн наадмын эхний шатанд Улаанбаатар, Баянхонгор, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг зэрэг 11 аймгаас 51 яруу найрагч оролцсоноос шилдэг 25 найрагч хоёрдугаар шатанд үлдэж, 15 найрагч гуравдугаар шатанд шалгарсан байна.


Сүүлийн шалгаруулалтад шилдэг таван яруу найрагч шалгарснаас Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Уламбаярын Энхбаяр “Хүрэн морь”-ийн эзэн болж цом гарджээ. Харин дэд байрт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын яруу найрагч Тугийн Эрдэнэчулуун, гутгаар байрт Говь-Алтай аймгийн яруу найрагч Янжмаагийн Мягмардорж, тусгай байрт Говь-Алтай аймгийн яруу найрагч Ганхуягийн Сүхбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын яруу найрагч Зоригтын Батхуяг нар тус тус шалгарчээ. 


“Хүрэн морь” цомыг чөлөөт уран бүтээлч, сийлбэрч, МУСТА Р.Пүрэвсүрэн бүтээсэн бөгөөд наадмыг өнгөлсөн найрагчдад шилжин явах юм.


“Хүрэн морь-2024” наадамд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Билэгдэмбэрэлийн Лувсанпэрэнлэй түрүүлж, цомын эзэн болж байжээ.



“Хүрэн морь” найраглалын эзэн Чойжилжавын Лхамсүрэн /1911-1979/ одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан суманд мэндэлсэн, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч. Тэрбээр 1937-1940 онд Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь цэргийн алба хаажээ. 1941-1944 онд цэрэгт байхдаа дэлхийн 2-р дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан бөгөөд цэргээс халагдан Монголын зохиолчдын түр хороонд ажилласан байна.


1947-1950 онд МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга. "Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан. Нутагтаа эргэж ирсний дараа "Монгол хүн" сонинд ажилласан бөгөөд уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ. Ч.Лхамсүрэн 1930-аад оны сүүлч үе буюу Худалдааны техникумд суралцаж байх үеэсээ уран бүтээлээ эхэлж, 1938 онд анхны бүтээл "Хороос хамгаалах эмнэлэг" шүлэг нь "Үнэн" сонинд хэвлэгдсэн түүхтэй. 


Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн  "Хүрэн морь" найраглал /1947 он/, "Маамуу нааш ир" дууны шүлэг /1955 он/ бүтээлийг онцлон Монгол Улсын Төрийн шагнал /1963/ хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Related news