БАЯНХОНГОР: “Өсвөрийн сэргийлэгч” нар үе тэнгийнхэндээ нөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн хүүхдүүдийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг Баянхонгор суманд зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Хүүхэд, өсвөр үеийнхнийг аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэхэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагууд чухалчилж байна.

Сургалтын үеэр “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн журам, үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, сургуулийн орчин дахь хүчирхийлэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвүүдээр сургалт, мэдээлэл өгчээ.
Сурагчдад хууль, эрх зүйн ойлголт олгож, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлсэн байна.
Мөн “Өсвөрийн сэргийлэгч” сурагчдын манлайлах ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, үе тэнгийнхэндээ зөв үлгэрлэл үзүүлэх, эерэг нөлөөллийг бий болгох талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Тус үйл ажиллагаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжих, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, эерэг харилцаа, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Мөн иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр, олон нийтийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч байна.