БАЯНХОНГОР: Судалгааны үр дүнг танилцуулж, харилцан туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-22 12:59:37

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эрүүл хүнс-Эрүүл амьдрал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсролын газар, ХААИС-ийн Баянхонгор салбар сургууль, Өлзийт мэргэжлийн боловсролын сургуулиуд хамтран Баянхонгор суманд зохион байгууллаа.


Энэхүү хурал нь орон нутгийн хүнсний аюулгүй байдал, эрүүл хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, мөн судалгаа шинжилгээний үр дүнг хуваалцаж, туршлага солилцоход чиглэсэн юм.

Эрдэмтэн судлаачид, багш нар, оюутан залуус болон салбарын мэргэжилтнүүд тус хуралд идэвхтэй оролцож, эрүүл хүнс, зөв хооллолтын талаарх мэдлэг, ойлголтыг өглөө.


Уралдааны шилдэг илтгэлээр ХААГ-ын зөвлөх агрономич, докторант Б.Мөнхтогтохын “Өндөрлөг газар тариалангийн бүсийн нөхцөлд зарим хүнсний ногооны тарималд био-бордооны нөлөө” сэдэвт илтгэл шалгарсан бол удаах байруудад ХААИС-ийн Баянхонгор салбарын нэгдүгээр дамжааны оюутан Д.Өлзийхүүгийн “Тамхины ишнээс үүдэлтэй хөрсний өөрчлөлт ба ургамлын хөгжлийн харилцан хамаарал”, мөн Эрдэнэмандал сургуулийн хоол зүйч Б.Лхагвадоржийн “Спортын төрөлжсөн сургалттай сурагчдын өдрийн хооллолтын ач холбогдол ба нөлөө” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Related news