БАЯНХОНГОР: Аяны туг дамжсан байгууллагууд шинэ санаачилга, бүтээлч ажлууд өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-20 17:53:38
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хяналт, шинжилгээний хорооноос санаачлан "Хонгорын хөгжлийн түүчээлье" аяныг хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд туг хүлээн авсан байгууллагууд нийтэд тустай, шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, бусдад уриалах юм.


Аяны тугийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Политехник коллеж, Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 2 дугаар цэцэрлэгийн хамт олон хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, дараагийн байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.

Улмаар аяны тугийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль, Төгс алгоритм сургуулийн удирдлагад шилжүүлжээ.


Өнгөрсөн долоо хоногт аяны тугийг аялуулсан байгууллагууд нэгдэн Оготнотой булгийн ойр орчмын талбайн хог хаягдлыг цэвэрлэж, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгахыг уриалсан байна.

Ташрамд, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 183 байгууллагад 5462 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь нийт ажиллах хүчний 12.2 хувь бөгөөд төрийн албаны ангиллаар нь авч үзвэл, улс төрийн албан хаагч 187, төрийн захиргааны албан хаагч 631, төрийн тусгай албан хаагч 41, төрийн үйлчилгээний албан хаагч 4603 ажиллаж байгаа юм.
Related news