БАЯНХОНГОР: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн ИТХ-ын тогтоолоор Баянхонгор аймаг мөн энэ оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газар болон Насан туршийн суралцахуйн төвтэй 2028 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Насан туршийн суралцахуйн төвийн 20 сумын 30 гаруй сургалтын менежер, багш нарыг “Бэлэн бай” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” чиглэлээр чадавхжуулах хоёр дахь удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулжээ.
Тус сургалтад хамрагдсан багш, менежерүүдээр дамжуулан бүх насны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор цаашид хамтарсан сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд сургагч багш нар сум, орон нутгийн 6147 албан хаагч, 1013 эцэг эх, 3,626 сурагчийг хамруулан, иргэдэд аюулт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгосноор нийт хүн амын 24.7 хувийг хамруулжээ.