БАЯНХОНГОР: Аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-09 13:24:55

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.


Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 9, 12-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар, 13-нд нийт нутгаар түр зуурын аадар бороо орно. Салхи борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, бусад хугацаанд баруунаас 7-12м/с.


Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө +7 +12 градус, өдөртөө +19 +24 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +11 +16 градус, өдөртөө +25 +30 градус, говийн нутгаар шөнөдөө +15 +20 градус, өдөртөө +31 +36 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +22 +27 градус, өдөртөө +33 +38 градус дулаан байна. 11-нээс нийт нутгаар хална.

Өнөөдрийн байдлаар Заг, Байдраг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг олон дахин давсан байдалтай байна. Цаашид хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Related news