БАЯНХОНГОР: Тусгай төрлийн цуглуулга баримтаар сан хөмрөгөө баяжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-28 12:53:33
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтэс аймгийн Засаг даргын захирамжаар тусгай төрлийн цуглуулга баримтаар сан хөмрөгөө бүрдүүлж байна.
Тусгай төрлийн баримтад гэрэл зураг, ном, сонин, ураг төрлийн ном, дуу дүрс, танилцуулга, урилга, зөвлөмж, одон тэмдэг, шагнал, зөвлөгөөн, баяр наадам, тамга тэмдэг, зурагт хуудас, урлагийн бүтээл, шинэлэг ажил-туршлага, аман өв зэрэг төрлүүд багтдаг байна. Дээрх ангиллын баримт материалыг байгууллага, иргэдээс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд материалаа Төрийн архивт шилжүүлж, хадгалуулан, хойч үедээ өвлүүлэх үйлсэд хамтран ажиллахыг тус хэлтсээс уриалав.

Төрийн архивуудын өнгөрсөн оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний дүнгээр 21 аймгаас Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтэс тэргүүн байр эзэлсэн бөгөөд 17 дахь жилдээ тэргүүлж буй дүн юм.

Монгол Улсын хэмжээнд хоёр дахь, орон нутгийн хэмжээнд анхны төрийн архивын барилга Баянхонгор аймагт 2019 онд ашиглалтад орсон. Тус барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.8 тэрбум төгрөгөөр баригдсан бөгөөд архив, бичиг хэргийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн шийдвэрлэсэн дохиолол хамгаалал, галын систем бүхий орчин үеийн шийдлийг өөртөө шингээжээ.

Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын стандартыг сайжруулж, түүнийг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг сайжруулснаар монгол төр, Баянхонгор аймгийн түүхийн бүрэн бүтэн, халдашгүй байдал хангагдсан байна.
Related news