УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр хуулийг онцлон танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа хуралдан, 8 тогтоол баталж, 3 хуулийн төсөл хэлэлцсэн байна.
Үүнээс УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр хуулийг нь батлуулсныг тус байнгын хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Тодруулбал, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан байна. Уг хуулийг баталснаар таримал ургамлын үрийн салбарын хөгжүүлэх, бүр төрлийн үр үржүүлэх, шинэ сорт бүтээгчийн эрхийг хамгаалах боломжийг бүрдүүлжээ.
Мөн чуулганаар баталсан Генетик нөөцийн тухай хуулиар ургамал, ан амьтан, бичил биетний генетик нөөцийг хамгаалах асуудлыг зохицуулсан байна. Уг хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажилласан юм. Хуулийг баталснаар ургамал, ан амьтан, бичил биетийн судалгаа, хамгааллын шинэ бүтээл гаргасан тохиолдолд патент олгох, зохиогчийн эрхийг хуулиар хамгаалах, урамшуулах нөхцөл бүрдсэн байна.
Тус байнгын хорооноос Хүнсний тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг хэрэгжилтийг хянах ажлын баг байгуулж, хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргасан байна.