УИХ-ын дарга Г.Занданшатар Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-22 16:31:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Себастиен Сүрүнд Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, УИХ болоод Засгийн газар Франц Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг, манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Европ дахь гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв.


Элчин сайд, ноён Себастиен Сүрүн УИХ-ын даргатай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монголын ардчиллын институцийг бэхжүүлэх, улс орны гадаад бодлого зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурал томоохон байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллын төлөөх дээд түвшний уулзалт”-ад Монгол Улсыг төлөөлж байсан талаар дурдаж, манай хоёр орны харилцаанд УИХ-ын үүргийг хэрхэн харж байгааг тодруулав.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тус уулзалт хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгулагдсан ба УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент болохыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол бид Авлигын эсрэг парламентын бүлгийг УИХ-д байгуулж, анх удаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээр нийтийн сонсгол хийх, сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталсан гэв.


Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчал нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргасан болохыг УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд тэмдэглэв.

Related news