Эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан ирэх
онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах , эрүүл мэнд,
хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн
газрыг үргэлжлүүлэн дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байна. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай өнгөрч буй онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүнг
танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, тэр дундаа ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг дэмжихэд томоохон дэмжлэг үзүүлэн ажиллаж ирэв. Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр болон Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт 2.3 сая гаруй тун вакцин оруулж ирэхийн сацуу бүх төрлийн вакцин хадгалах зориулалттай, олон улсын стандарт бүхий Вакцин биобэлдмэлийн Үндэсний төв агуулахын барилгыг барьж хүлээлгэн өгсөн юм.
Түүнчилэн НҮБ-ын Хүүхдийн
сангаас хүчилтөрөлгчийн аппарат, PCR тстийн төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног
төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр олон мянган хүний амь
нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой болсныг танилцуулгын үеэр онцолж байв.
НҮБ-ын Хүүхдийн сангаас
хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр дараах ажлуудыг Засгийн газар болон
хамтрагч, донор байгууллагуудын хамтаар амжилттай хэрэгжүүлж ирэв. Үүнд:
- ҮСХ-той
хамтран цар тахлын үеийн хүүхэд, өрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй
талаар судалж, холбогдох бодлого шийдвэрийг гаргах зорилгоор “Олон үзүүлэлтийн
бүлгийн түүвэр судалгаанэмэх”-ийн 3-6-р үе шатыг зохион байгуулав. /Үр дүнг https://www.1212.mn/surveymn.aspx үзэх боломжтой/
- Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй, дотоод орчны агаарын чанарыг хангасан, олон улсын стандартын ариун цэврийн байгууламж болон иж бүрэн гал тогоо бүхий цэцэрлэгийн 2 барилгыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөв.
- Эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах
ажлын хүрээнд тус сангийн дэмжлэгээр Говь-Алтай, Баянхонгор аймаг “Цэвэр агаар” үйл ажиллагааны төлөвлөгөө
батлав.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, үр дүн, зөвлөмжийг Засгийн газар
хэлэлцэж, хүлээн авсан.
- Зайн сургалтыг дэмжих зорилгоор цэцэрлэг болон ерөнхий
боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан “Цахим аялал” интерактив видео
контент болон “Эрдмийн долгион” аудио хичээлүүдийг бүтээж, хүүхдүүдэд
хүргэв.
- Хичээл нээсэнтэй холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн
сургууль, цэцэрлэгт гар ариутгагч, тусгаарлах өрөөний эрүүл ахуйн багцыг
хүргүүлж, эцэг эх, хүүхдүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын
мэдээллийг түгээв.
- Монгол Улсын хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өнөөгийн
байдалд өргөн хүрээний дүн шинжилгээ хийв.
- НҮБ-ын Хүүхдийн сангийн
сургалт, нөлөөллийн ажлын үр дүнд Олон улсын
Эмэгтэйчүүдийн Худалдаа аж, үйлдвэрийн Танхимын 10 гаруй гишүүн компани
өөрийн үйл ажиллагаандаа хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээр болов.
- Сургуулийн орчинд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө
өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.
- Аймаг, дүүргүүдийг хүүхдэд ээлтэй болгох, орон нутгийн төсөвлөлт, төлөвлөгөөнд хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавих чадавхыг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэв.
Ирэх 2022 онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах дээр НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана гэв.
Гэрэл зургийг Н.Батбаяр