УИХ дахь МАН-ын бүлэг Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2021-12-20 18:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ.


УИХ дахь МАН-ын  бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс оронд халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Үүнтэй холбогдуулан цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл сунгахыг дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барина” гэв.


Мөн тэрбээр, цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ хуулийг сунгахаас өөр аргагүй байна. Цар тахал дуусаагүй байхад хуулийг нь цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ хаагдана. Мөн хил гааль хаалттай байгаа учраас зохицуулах шаардлагатай болж байна. Цар тахлын хуулийг зургаан сараас цааш сунгах тухай ярихгүй гэдгийг тодотгов.

Related news