Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-17 19:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.


Оросын улаан арми Гитлерийн Германы армитай Москва хотын ойролцоо хийж байсан ширүүн тулалдаан болсон Ленинградын шоссе орчмын газраас олдсон нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг Аугаа их эх орны дайны ялалтын 25 жилийн ойгоор 1966 оны 12 дугаар сард зөөн авчирч байрлуулан энэхүү хөшөөг босгосон юм. Хөшөө-дурсгалын цогцолборын нээлт 1967 оны 5 дугаар сарын 8-нд болжээ.


Цэргийн хүрэл таван хошууны дундаас асаж буй алдрын мөнхийн галыг Петербургийн “Марсовое Поле”-гийн дөлөөс авчран асааж шарилын дээрх гантиг чулуун дээр “Нэр нь үл мэдэгдэх ч, гавьяа нь үүрд мөнх” гэж бичсэн байна.


Жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Ялалтын баярыг тэмдэглэх үеэр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд баярын цэцэг өргөж, Орос орон даяар нэг минут чимээгүй байж дайнд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг.

Related news