Б.Мөнхжин: Эрээн боомтоос ачаа бараа татан авах ажил үе шаттай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн боомтоос ачаа бараа татан авах ажил үе шаттай үргэлжилж байгааг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр мэдээлэв.
Энэ сарын 10-наас Эрээн боомтод 60 хоног гацсан 150 автомашиныг хоёр улсын хилийн дундын бүсэд татан авах ажлыг эхлүүлжээ. Үүнээс өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт 50 гаруйг нь татан авсан байна. Харин хям гаргаас уг ажил түр хугацаанд зогссон бөгөөд Эрээний талаас дундын бүсэд нэвтэрсэн жолооч нарын тусгаарлах байрыг хэрхэн сайжруулах, автомашины талбайд ямар ажил хийх талаар үнэлгээ хийж эхэлсэн байна. Энэ нь Эрээн боомтоос ачаа бараа татан авах ажлын нэг хэсэг бөгөөд тус боомт дахин хаагдсан асуудал огт биш. Үнэлгээний хариу гарсны дараа бараа татан авах ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг дэд сайд Б.Мөнхжин онцолсон юм.
Тэрбээр, “Эрээний талаас үнэлгээг ойрын хугацаанд дуусна гэдгийг мэдэгдсэн. Баасан, бямба гарагт бараа ачсан автомашин цөөн орж ирсэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тус боомтод өвлийн улиралд 60 хоног гацсан зарим автомашин асахгүй байх асуудал байна. Хоёрдугаарт, Эрээний ухаалаг гарц буюу “smart gate”-ээр гарахдаа бүртгүүлсэн ачааны тоо, хэмжээ нь зөрсөн асуудал бий. Иргэд КОВИД-19-ийн өмнөх үе шиг бүр чөлөөтэй болох юм шиг бодоод байна. Цар тахлын үед БНХАУ маш хатуу бодлого баримталж байгаа учраас өмнөх шиг чөлөөтэй болохгүй” гэдгийг тодотголоо.