Авлигын индексийг бууруулах ажлын баг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн. Энэ хүрээнд Авлигын эсрэг ажлын баг байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Монгол Улс авлигын эсрэг өнгөрсөн 30 жил ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой хэмжигдэхүүн үзүүлэлт байдаггүй байсан. Энэ удаад Ерөнхий сайдын захирамжаар Авлигын эсрэг ажлын баг байгуулагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 15 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын багийг ахална” гэв.
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Шинээр байгуулсан ажлын баг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэргийг төлөвлөжээ.