УИХ-ын эмэгтэй гишүүд Улсын их баяр наадмыг хойшлуулах санал хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын эмэгтэй гишүүд Улсын их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар, УОК-т хүргүүлсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээлэхдээ, “Ардын хувьсгалын 100 жилийн ой бол бидний үнэт зүйл. Гэхдээ баяр наадмаас илүүтэй Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэнд чухал тул дээрх саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний саналыг судалж, УОК-оор шийдвэрлүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
Мөн УИХ дахь эмэгтэй гишүүд цар тахлын үед иргэдийг дэмжих сан байгуулах санаачилга гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, “Энэ сан нь коронавирусний улмаас өнчирсөн хүүхдүүдийг насанд хүрэх хүртэл нь тусламж олгох юм. Өнгөрсөн онд “Хүүхдийн төлөө фонд”-д 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэ фонд нь хүүхдүүдэд чиглэсэн бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэмцээн уралдаанд оролцоход нь туслах зорилготой. Гэхдээ өнөөдөр цар тахлын улмаас өнчирсөн болон эм тариа шаардлагатай, амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд туслахад тус фондын хөрөнгөөс зарцуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр эмэгтэй гишүүд ажиллаж байна. Энэ ажлыг бид өөрсдөө түүчээлж, нэг сарын цалингаа хандивлаж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг ч үүнд нэгдэхийг уриалж байна” гэв.