Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг 11.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-01 15:58:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.


Төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Төсөлд Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан тусгасан байна. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан гэв. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 300 төсөл тусгасан байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 11.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас улсын төсвөөс 2.2 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 162.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.7 их наяд төгрөг, түншлэлээр 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай гэв.


Төсөд санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар яамд төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлд санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг, ингэснээр олон улсын түвшинд зээлжих зэрэглэл тогтвортой байлгах, улмаар санхүүжилт босгож, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэх замаар эдийн засгаа тэлэх шаардлага байгааг анхаарах саналыг илэрхийлсэн.


Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Related news