Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт энэ онд нийт 457 төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-25 19:59:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг сонслоо.


Энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, улсын хэмжээнд нийт 457 төсөл, ажил хэрэгжихээр тусгагдсан. Эдгээрийн ажлын явцаас мэдээлэхэд тендер зарлагдсан 304 буюу 67 хувь, үүнээс тендерийн нээлт хийж, үнэлгээ хийж байгаа 63 буюу 14 хувь, гэрээ байгуулах эрх олгосон 81 буюу 18 хувь, тендер шалгаруулалт зарлагдсан, хүлээж авах эцсийн хугацаа дуусаагүй 160 буюу 35 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү 457 төсөл, ажлын хүрээнд нийт цэцэрлэг 36, сургууль 18, эмнэлэг 16, соёлын төв 7, автозам 9, шугам сүлжээ 11 байгааг онцлов. 


Нийт 146 төсөл, ажлын зураг төсөв бэлэн болсон бөгөөд үүнээс зурагтай 115, зураггүй 67, магадлал хийгээгүй 40, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр зарласан 35  төсөл байна.  


Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдаж байгаа боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний явцаас дурдахад БСШУЯ-ны 47 төсөл арга хэмжээ байгаагаас өнөөдрийг хүртэл 33, Соёлын яамны 10 төсөл арга хэмжээнээс гурав, Биеийн тамир, спортын улсын хорооны төсөвт тусгагдсан долоон төсөл арга хэмжээнээс тавынх нь ажлын даалгавар, зураг төсөв, ТЭЗҮ, холбогдох мэдээлэл ирээгүй байна гэж байлаа. 


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд улирлын шинж чанартай ийм ажлыг төсөв батлагдсан даруйд худалдан авах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсанаас ажлын тав хоногийн дотор зураг төсөв, ТЭЗҮ-ээ холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар ирүүлсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар зөвхөн дээрх гурван салбарын хувьд 41 төсөл арга хэмжээний холбогдох материалыг ирүүлээгүй буюу тендер зарлах боломжгүй байгааг мэдээлэлдээ онцолсон. 


Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ. 


Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулах ажлын явцын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар тус яамны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг нар тус тус танилцуулав. 


Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр шийдэгдэж, жилд 140 обьект ашиглалтад оруулж байна. 2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлснийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ 2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв.


Харин сүүлийн 20 орчим жил салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, нэгдсэн сан үүсгэх, бүх шатны боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, сургалтын байгууллагуудыг компьютер тоног  төхөөрөмжөөр хангах, цахим сургалтын платформ, цахим контент боловсруулж бүх нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг танилцуулгадаа онцолсон.



Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдээс багш нарыг зөөврийн компьютерээр хангахад шаардагдах тооцоо, судалгааг илүүтэй лавлаж байлаа.


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд цахим шилжилтийн ажлыг хийж байна. Томоохон хөрөнгө оруулалтаас дурдвал анх удаа  2015 онд 25 мянган багшийг “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд компьютерээр хангасан гэдгийг тус яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хариултдаа онцолсон. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 31 мянга, цэцэрлэгийн 9 мянга орчим багшийг компьютерээр хангахад нийтдээ 40 мянган зөөврийн компьютер шаардлагатай бөгөөд нэг бүрийн үнийг 1 сая 500 мянган төгрөгөөр тооцон худалдан авахад 60 орчим тэрбум төгрөг болно гэсэн тооцоог гаргасан хэмээн Ажлын хэсгийн зүгээс нэмэлт хариулт өгсөн.


Дараа нь  Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын баг байгуулах болсныг мэдэгдэв. Энэ хүрээнд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Уг ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, УИХ-ын гишүүн П.Анужин, Т.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтов.

Related news