18 мянга 63 сонгогч хууль зөрчин шилжилт хөдөлгөөн хийсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-21 12:53:39

УИХ-ын гишүүн Су.Батболд МАН-ын байранд сонгуулийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр засаг захиргааны шилжилт хөдөлгөөн зогссон байгаа ч сонгогчид шилжилт хийлгэсэн байгааг хэлж байв. Тодруулбал тэрбээр "УИХ-ын сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоодог. Гэтэл өчигдөр өглөөний 11.00 цагийн байдлаар Улсын бүртгэл, статистикийн газраас авсан мэдээллээр улсын хэмжээнд 18 мянга 63 сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн байна. 600-аас дээш буюу их хэмжээний тоогоор шилжиж очсон аймгуудаас дурдвал Архангай аймаг 1341, Баянхонгор 2059, Дархан-Уул аймаг 694, Дундговь аймаг 772, Завхан аймаг 600, Сэлэнгэ аймаг 631, Төв аймаг 836, Увс аймаг 3237, Ховд аймаг 717, Хөвсгөл 2943, Өвөрхангай 837 сонгогч шилжсэн байна” гэв. 

Мөн сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн иргэн өөрийн биеэр очиж мэдэгдэх ёстой атал бие төлөөлөгч 100 орчим хүний иргэний үнэмлэх авч очоод шилжилт хөдөлгөөн хийж байна гэлээ. 

Н.Туяа

Related news