СХН-ын их хурал амжилттай болсныг тэмдэглэж жагсаал болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-10 15:39:59

ПХЕНЬЯН. /TASS/. Өнөөдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын төв талбайд  болсон томоохон жагсаалд тус улсын удирдагч Ким Жөн Ун оролцлоо.

Умард Солонгосын удирдагчид уг арга хэмжээг Солонгосын Хөдөлмөрийн намын 7 дугаар их хурал амжилттай болж өнгөрснийг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж.

Энэ их хурлаар Ким Жөн Ун намын даргаар сонгогдсон билээ. Өмнө нь тэрбээр тус намын нэгдүгээр дарга гэгдэж байсан юм.

Пхеньяны төв талбайд сурвалжлага хийж буй гадаадын сэтгүүлчдийн ярьснаар, бараан өнгийн фрэнч өмссөн Ким Жөн Ун тун сэтгэл өндөр байж, жагсаалд оролцогчдын зүг гараараа даллан мэндчилэхийн зэрэгцээ индэр дээр зогсч буй бусад удирдагчидтай яриа хөөрөө өрнүүлж байжээ. Хөдөлмөрийн намын их хурал дээр тэрбээр европ костюм өмссөн байсан юм.

Жагсаал эхлэхийн өмнө  БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам үг хэллээ. Тэрбээр “түүхт их хурлын шийдвэрийг амьдралд тууштай  хэрэгжүүлж, Ким Жөн Уны тэргүүлсэн намын төв хороог улам нягт тойрон хүрээлэх”-ийг уриалжээ.

Ким Ён Намыг үг хэлсний дараа төв талбай дээр цэргийн үлээвэр найрал хөгжим маршийн ая тоглосноор жагсаал эхэллээ. Солонгос  эмэгтэйчүүд  үндэсний хувцсаа өмсч гартаа баглаа цэцэгс барьсан бол эрчүүд нь цагаан цамц улаан зангиагаар гоёжээ.

Хүндэтгэлийн тусгай тавцан дээр БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын асар том хөшөөний загварыг тавьсан байлаа. Нэг дор төв талбай дээр олуулаа цугласан сэтгүүлч зураглаачдад амьд шигтгэмлийг харан нүд баясгах боломж олдсон юм. Олон түмэн анзааран харах боломжгүй газарт байрласан зааварлагчдын дохиогоор БНАСАУ, Солонгосын Хөдөлмөрийн нам болон улс орны удирдагчдыг алдаршуулан магтсан лоозонгууд үе үе солигдож байлаа.

Х.Сарнай

 

 

Related news