Ойн нөхөрлөл байгуулагдсан газарт түймэр гарах нь эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-12 09:33:44

Аймаг бүрийн онцлог буюу нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа. . . 


Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд 178 нөхөрлөл 500749  га  талбайг хариуцан хамгаалдаг байна. Аймгийн нийт 1.9 сая га талбайн 26.3 хувь нь ойн нөхөрлөлүүдэд ноогддог аж. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд 74 нөхөрлөл ойн нөхөрлөл 67200 га талбайг хариуцан хамгаалдаг бөгөөд энэ нь аймгийн нийт ойн сангийн 82 хувь ажээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Сант сумдын 19 нөхөрлөл, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын 7 нөхөрлөл энэхүү НҮБ-ын ойн төсөлд хамрагджээ. Нийтдээ 26 нөхөрлөл 190000 га талбайг хариуцан хамгаалж байгаа аж. Төслийн зүгээс Ойн аж ахуйн үйл ажиллагааг явуулах мэргэжлийн ажилтнуудтай болгоход чиглэсэн олон төрлийн сургалт явуулжээ. Тухайлбал:

-Ойн арчилгааны огтлолт хийх

-Ойн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх

-Ойн мэргэжлийн хөрөөчний сургалт

-Хортон шавьж танин мэдэх тэмцэх арга ажиллагаа

-Төсөл бичих, санхүү зах зээлийн сургалт

-Ойгоос гарсан хаягдал модыг ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх гар урлалын сургалт зэрэг юм.

Мөн түүнчлэн эмийн болон ашигт ургамал таних, түүх, бэлтгэх сургалтуудыг ч явуулжээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сум дундын Ойн анги, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сум дундын Ойн ангиудыг нөхөрлөлүүдэд сургалт явуулах зориулалт бүхий сургалт мэдээллийн төв бий болгож, техник хэрэгслээр бүрэн хангасан байна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ойн нөхөрлөлүүдийн холбоодыг дэмжиж чадавхижуулах сургалтанд хамруулж, бусад аймгуудын туршлага солилцох ажлуудыг явуулж байгаа гэнэ. Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдийг гишүүдийн оролцоотойгоор өөрсдөө менежментийн төлөвлөгөө хийх арга ажиллагаанд сургажээ. Энд 16 нөхөрлөл 10 жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөөтэй, үлдсэн нөхөрлөлүүд нь 3 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулжээ. Төслөөс 2019 оны эхний хагас жилийн байдлаар 50 төрийн болон төрийн бус байгууллага, 74 ойн нөхөрлөлийн 362 хүнийг хамруулан явуулсан сургалт, хэлэлцүүлэг, бусад ажлуудыг зохион байгуулсан байна. Мөн хус модны нүүрс хийх тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Сант сумын “Алтансүмбэр”, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Гавилуу Унаган төрх” нөхөрлөлүүдэд дэмжлэг болгож өгсөн бөгөөд хусны нүүрсийг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Мөн эмийн болон ашигт ургамал таних, түүх, бэлтгэх сургалтууд урьд өмнө дээрхи аймгуудад явагдаж байгаагүй шинэлэг сургалт болж буйгаараа онцлогтой юм.

 

Хөвсгөлд ойн нөхөрлөлүүд байгуулагдсан газруудад ой хээрийн түймэр гарах явдал эрс буурчээ

Энэхүү арга хэмжээг Хөвсгөл аймгийн Засаг дарга өндөр ач холбогдол өгч захирамж гарган хамтран зохион байгуулан оролцлоо. Наадмын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнөөр эхэлсэн юм. Тус аймгийн хэмжээнд 22 сумын 255 нөхөрлөл 947659 га талбайг эзэмшин хамгаалдаг бөгөөд энэ нь аймгийн ойн сангийн 24 хувийг эзэлдэг ажээ. Хөвсгөл аймгийн тухайд ойн нөхөрлөлүүд байгуулагдсан газруудад байгаль хамгаалалтын ажил сайжирч хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймэр гарах явдал эрс буурчээ. 2007 онд ойн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хуульчилж өгсөн байдаг. Энэ үeэс тус аймагт ойн санг гэрээгээр эзэмшүүлэх үйл ажиллагаа эхэлжээ. "Ой бүхий аймгуудын биологийн янз байдлын хамгаалал тогтвортой ойн мeнeжмeнт, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь" төсөл Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж байгаагийн нэг үзүүлэлт нь энэхүү нөхөрлөлүүдийн үйл ажиллагаагаар илэрч байгаа аж.

Хөвсгөл аймаг цаашдаа ойн сангаасаа хэрхэн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн бодлого төлөвлөлтөө хийсэн гэнэ. Энэ жил иж бүрэн мод боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад холбогдох яам, засгийн газарт хүргүүлсэн тухайгаа аймгийн Засаг дарга нь хэлж байв. Хөвсгөл аймгийн Засаг дарга хэлэхдээ “Хүндээ ээлтэй Хөвсгөл аймгийг хөгжүүлнэ гэсэн алсын хараагаа тодорхойлсон бол эрхэм зорилгодоо ногоон эдийн засгийг эрхэмлэсэн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барина” хэмээсэн. Тус аймгийн нэг онцлог бол Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болон хөгжүүлэх эрхэм зорилготой аж.

Монгол Улсын ойн сангийн гуравны нэгийг хамгаалж, хариуцаж байгаа аймгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд томоохон үүргийг хүлээж байгаа хамт олон бол ойн нөхөрлөлүүд гэдгийг аймгийн дарга онцолсон. Эднийх нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ ч хэлж байсан.    


  Булган аймагт анхны ойн нөхөрлөл байгуулагджээ


Монгол Улсын хамгийн анхны ойн нөхөрлөлүүд 1998 онд Булган аймгийн Хангал суманд "Хан буян хамтлаг", Сэлэнгэ суманд "Зулзган хамтлаг" нэртэйгээр байгуулагджээ. Үүнээс хойш өнөөдөр улсын хэмжээнд 1281 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж ойн санг хамгаалах, арчлах, мод тарих үйл ажиллагааг тогтмол явуулдаг болжээ. Эдгээрийн 101 нь БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдсан байна.


Хэнтийн нөхөрлөлүүд 947659 га талбайг эзэмшин хамгаалж байна


 Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 сумын нутагт 6629 гишүүн бүхий 255 ойн нөхөрлөл, 947659 га талбайг эзэмшин хамгаалдаг байна. Тус аймгийн хувьд Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумдын 26 ойн нөхөрлөл гурван сумдын ойн анги, нэг сумын ойн анги, аймгийн БОАЖГ хамрагдан төслөөс зохион байгуулж буй сургалт үй ажиллагаанд оролцдог байна. 

Related news