СЭЛЭНГЭ: Дэлхийн олон орны нум сумтай харьцуулахад монгол нум шөрмөстэйгөөрөө ялгардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-09 10:11:02

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголдоо цор ганц гэж хэлж болох монгол хүний ур ухаанаар бүтсэн, эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумын үйлдвэр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд бий.


Энэхүү ховор нандин, чамин урлалыг удам дамжсан мэргэн харваач, Монгол Улсын дархан мэргэн Ж.Сүхбаатарын гэр бүл үйлдвэрлэж байна.


Мэргэн харваач маань оньсого мэт тайлагдашгүй, өвөрмөц хийж, загвартай бүтээл болох нум сум урлах ухааныг үр хойчдоо уламжлуулахаар Дулаанхаан тосгондоо "Хөвчит нум" үйлдвэрийг байгуулсан юм.  


Үүнийг түүний хүү, удам дамжсан харваач С.Болдбаатар хань М.Баярмаа, үр хүүхдүүдийнхээ хамтаар өвлөн авч үргэлжлүүлсээр явна. “Хөвчит нум” ХХК-ийг өвлөгч, 8 дахь үеийн харваач С.Болдбаатар бол нум сум урлаач, өвлөн тээгч юм.


Монгол Улсад гарын 10 хуруунд багтах нум сум урлаач байдаг бөгөөд улсын мэргэн Ж.Сүхбаатар, түүний хүү С.Болдбаатар, спортын мастер З.Баатар нар өнөөдөр Дулаанхаан тосгонд амьдарч байна.


Уламжлалт монгол нум сумыг мал, амьтны түүхий эд ашиглан гар аргаар хийдэг байна. Тодруулбал үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс, хусны үйс, хулс ордог байна. Ингэж ан амьтны гаралтай түүхий эдээр хийдэг тул нум сум хувиралттай болдог байна.


Учир нь мал, амьтны гаралтай түүхий эдүүдийн физик чанар өөрчлөгддөг учраас монгол нум сумын онцлог шинж чанар үүнд оршдог гэв. Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс юм.


Дэлхийн олон орны нум сумтай харьцуулахад монгол нум шөрмөстэйгөөрөө ялгардаг байна. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум хэмээн хэлдэг байна.


Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж, чангаахыг хэлдэг байна. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлнэ.  


Улсын мэргэн Ж.Сүхбаатар сумны хүнд, нумын хатуу, зөөлөн, хүний бяр чадал тэнцэж байж харваач болдог хэмээн ярьсан юм.  


-Манайх нум сум хийх түүхий эдээ дотоодоосоо авч, харин хулсаа БНХАУ-аас авдаг. Нэг нуманд 12-13 төрлийн материал ордог маш чимхлүүр, гар ажиллагаа ихтэй ажил хэмээн нум сум урлаач С.Болдбаатар ярив. С.Болдбаатарынх хүүхдүүддээ сур харвах, нум хийх аргыг өвлүүлж, зааж өгч, гэр бүлээрээ энэхүү өв соёлыг тээж, үр хойчдоо сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваа өв тээгч гэр бүл юм.


Түүхий эдээ бэлдэж, нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулдаг байна. Энэ нь нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай юм. Тухайлбал хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг учраас наалт наанадаж дөрвөөс зургаан сар болж байж хатна. Ер нь гүйцэд хатахад бүтэн нэг жилийн хугацаа зарцуулдаг гэв. Нумыг удаан хатаах тусам хамгийн сайн бат бэх болдог байна.


Үйлдвэрлэлийг голдуу сэрүүний улиралд явуулдаг. Учир нь бүх материал амьтны гаралтай, зун түүхий эдийн олдоц муугаас гадна хэт халуунд нум хатдаггүй байна. Эднийх шөрмөсөө гэхэд л мах бэлтгэлийн үеэр дотоодын мах үйлдвэрлэгч нараас худалдаж авдаг байна. Гэвч сүүлийн үед ченжүүд шөрмөсийг их хэмжээгээр авч, Япон руу гаргах болсон нь нум сум урлаачдын хувьд түүхий эдийн хомсдолд ороход нөлөөлжээ. Японд бодын шөрмөсийг боловсруулж, тансаг зэрэглэлийн хоол хийдэг байна. Янгирын эврийн олдоц ч гэсэн сүүлийн үед мууджээ. Иймд янгиртай газрын харваачдаас эвэр авч, оронд нь нум сум авах маягаар солилцдог байна.


Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог гэв. Сумаа улиас, хус, бургас гэх мэт олон төрлийн модоор хийж болох ч эднийх голдуу улиасаар урладаг байна. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай тусгай цавуу ашигладаг ажээ.


Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийнэ. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн л хоёр хүн гүйцэтгэнэ. Энэ мэтээр дамжлага ихтэй, нарийн чимхлүүр ажилтай үйлээр нум сум бэлэн болно.


Үйлдвэрлэх явц нарийн гэж хэлсний учир нь эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг бөгөөд бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаарддаг байна. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй байдаг.


Ажлын оргил үеэр зургаан хүн ажиллах бөгөөд бусад үед түүхий эдээ боловсруулах зарим ажлыг гэрээр хийнэ. Орчин үед техник, технологи өндөр хөгжиж байгаа ч нум сум урлан бүтээх ажлын хамгийн багаар бодоход 70 хувь нь заавал гар аргаар бүтдэг онцлогтой.


Одоогийн байдлаар эднийх бүтээгдэхүүнээ 90 хувь гар аргаар хийж байна. Үнийн хувьд дөрвөн сумтай нумыг 400 мянгаар, хоромсого саадагтай гоёлын нум сумыг 600 мянган төгрөгөөр хийж байна. “Хөвчит нум” компани жилд 60-70 нумын захиалгыг аймаг, орон нутаг, жуулчны байгууллага, тэр ч байтугай хувь хүний захиалгаар хийж байгаа.


Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар ”Эрийн гурван наадмын нэг болсон монгол үндэсний сур харваа нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Ан ав хийж, хоол тэжээлээ бэлдэх, агнасан ангийн арьсаар дээл хувцсаа хийж өмсөх байдлаар үүссэн түүхтэй.


Хүннүгийн үед Монголын урчууд нумаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай хийдэг болсон. Түүнчлэн сумаа өдтэй болгосноор нумын хүч чадал нэмэгдэж, сум нь өмнөхөөсөө хол явдаг болсон. Нум сум хөгжлийн гурван үеийг дамжсан байдаг. Эхний буюу хүй нэгдлийн үед ан хийдэг байж, дараа нь эх орноо батлан хамгаалах, эр цэргийн зэвсэг болсон. Харин хожим энх цагийн бүтээн байгуулалтын үед спортын хэрэгсэл болж иржээ.


Ингээд 1960 оноос өргөнөөр хөгжиж, эмэгтэйчүүд энэ үеэс л сур харваанд оролцдог болсон. Манайд халх, урианхай, буриад гэсэн гурван төрлийн харваа бий. Халх харвааг 75 метрээс, буриад, урианхай харвааг 40 метрээс харвадаг. Эдгээрийн нум нь адил, сумнууд нь харин өөр өөр байдаг” хэмээн ярилаа.


Улсын мэргэн Ж.Сүхбаатар үндэсний өв соёл болсон уламжлалт нум сумаа авч үлдэхийг зорьж, 2002 онд хүү С.Болдбаатартайгаа хамтран хоёр жил хагасын хугацаанд үйлдвэрлэсэн уртаараа 2.5 метр нум, 1.5 метр урт сум урлаж, үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр залсан түүхтэй.


Тэрээр энэхүү үйлээ Чингисийн үед нум сумаа шүтэж, төрийн цагаан сүлдний дэргэд тахидаг байсан ёс заншлаас санаачлан хийжээ. Ердийн нумын урт нь 2.3 метр, харин сум нь нэг метр байна.


“Хөвчит нум” ХХК бэлэг дурсгалын нум сумаас гадна том хүний, хүүхдийн, үхрийн ширэн хоромсого саадагтай нум сум, аварга хүннү эвэр нум сум, хүннү эвэр нум сум, ясан гичиртэй, сийлбэртэй нум сум урлаж байна. Хоромсого саадагтай нум сумыг үхрийн ширээр урладаг бөгөөд 5 сумтай аж. Мөн сум, товх, хайгуул, хөвч зэрэг дагалдах хэрэгслийг хийж байна. 


Эрт дээр цагт эвэр нумаар 335 алд газар харваж байсан түүхтэй бөгөөд тус компанийн хийсэн нум 150-200 метр зайд тусдаг аж. Монголын ард түмний түүх соёлын нэг, уламжлалт ёс заншил, арвин өвийн нэг бол яах аргагүй нум сум билээ.









Related news