Сенатч Тед Круз нэр хүндээрээ Трампыг бараг гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-09 12:19:11

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз нэр хүндээрээ ерөнхийлөгчийн сунгаанд тус намын дэвшигчдийг тэргүүлж байгаа тэрбумтан Дональд Трамптай бараг адилхан болсныг "Уолл-стрит жорнэл" болон телевизийн Эн-Би-Си сувгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Бүгд найрамдах намын гишүүн эсвэл тус намыг дэмжигчид болох сонгогчдын 30 хувь нь бизнес эрхлэгчийн төлөө саналаа өгөхөд бэлэн байна. Харин Круз ердөө 3 хувийн зөрүүгээр тэрбумтанд гүйцэтгэжээ. Сенатчийн төлөө санал асуулгад оролцогсдын 27 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна. Гуравдугаарт, Огайо муж улсын захирагч Жон Кейсик 22 хувийн саналтайгаар орсон бол түүний дараа Флоридагаас Сенатын танхимд Сонгогдсон Марко Рубио оржээ. Марко Рубиод сонгогчдын 20 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна.

"Уолл-стрит жорнэл" сонины судалгаанд тэмдэглэж буйгаар, хэдийгээр Трамп дийлэнх муж улсад ялж байгаа боловч олон нийт түүнийг дэмжих нь багасч байгааг санал асуулгын дүн харуулж байж магадгүй юм.

Одоогийн байдлаар Трамп 384 төлөөлөгчийн дэмжлэгийг авч чадсан бол Круз 300, Рубио 151, Кейсик 37 дэмжлэг авчээ. Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихийн тулд долдугаар сарын 18-21-нд Огайо муж улсын Кливленд хотод болох тус намын их хуралд оролцох 2472 төлөөлөгчийн 1237-гийнх нь саналыг зайлшгүй авах ёстой.

Д.Жаргал

 

Related news