Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-27 21:24:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд Баянхонгор аймгийн БСУГ-аас “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” зорилго тавьж ажиллана. “Сургалтын хөтөлбөр-Сургалтын чанар” 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал өнөөдөр Баянхонгор хотноо болж, дээрх зорилт болон Багшийн ёсзүй, харилцаа хандлага, түүнд хийсэн дүн шинжилгээ, Бага, дунд боловсролын сургалтын чанар түүнд хийсэн хяналт шинжилгээний дүнг хэлэлцлээ. Бага хуралд аймгийн ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Заах аргын нэгдлийн ахлагч, багш нарын 150 гаруй төлөөлөл оролцсон юм.
Баянхонгор аймгийн ИТХ-аас боловсрол, соёлын урлагийн салбарт "Сайн багш" хөтөлбөр, "Хос бичигтэн" хөтөлбөр, "Соёлын ажилтан" хөтөлбөр, "Робокон Баянхонгор" хөтөлбөрүүдийг тус тус боловсруулан, хэрэгжүүлж байна. Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл "Сургуулийн тэтгэлэг"-т хөтөлбөрт Баянхонгор аймаг хамрагдаж буй. Төслийн хүрээнд хичээл сургалтыг зохион байгуулах материаллаг орчин бүрдэхээс гадна хүүхэд хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ажиглах, таамаглах, турших, дүгнэлт гаргах зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаат аялал, эко аялал зэргийг санхүүжүүлдэг байна. Харин "Хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанаас харахад бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авдаг, хуучин тоног төхөөрөмж нийлүүлдэг, дутуу авдаг, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэгдсэн боловч үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тайлан мэдээг хугацаанд нь явуулдаггүй зэрэг алдаа дутагдал гарч байна" гэдгийг тус бага хурлын нээлтэнд тавьсан илтгэлдээ аймгийн БСУГ-ын дарга М.Мөнхбат хэлж байв. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 23 сургуулийн төсөл шалгарч, 2017-2018 оны хичээлийн жилд 150 гаруй сая төгрөгийн санхүүжилт авчээ.
2017-2018 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт төрийн өмчийн 29 сургууль, төрийн болон хувийн өмчийн 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж СӨБ-д нийт 7890 хүүхэд, ЕБС-д 16703 хүүхэд суралцсан байна.
Аймгийн БСУГ-ын дарга илтгэлдээ 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, ололт амжилт, цаашид анхаарах зарим асуудлуудыг дэвшүүлсэн бөгөөд "Бидний өнгөрсөн жилд гаргасан амжилт багагүй ч чамлалттай, үр дүн муутай байна гэдгийг энд заавал хэлэлцэх ёстой" гэсэн юм. Тэрээр, "2017-2018 онд 12 дугаар ангийг 1190 орчим сурагч төгсөж, ЭЕШ-д 1090 гаруй сурагч шалгагдсанаас дундаж оноо 487.7 буюу улсын дунджаас 13 оноо дутуу буюу ЭЕШ-ын 11 хичээлийн дундаж үзүүлэлтээр улсын хэмжээнд 21 дүгээр байрт орлоо. Өмнөх жил зургадугаар байрт орсон амжилтаасаа огцом буурсан нь бид ЭЕШ-ын бэлтгэлийг өөр зохион байгуулалт, өөр менежментээр хийх цаг болсныг харуулж байна" гэв. Мөн 508-533 оноо дундчилж авсан Монгол хэл, Газарзүй, Монголын түүхийн хичээлийг зааж, бэлтгэсэн багш нарт талархах ёстой гэлээ.
Тус бага хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцсон бөгөөд "ЭЕШ-ын оноогоор улсад сүүл мушгисан нь удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа баг хамт олон буюу аймгийн БСУГ, сургуулиудын удирдлага, менежер, заах аргын нэгдлийн хариуцлагагүй байдалтай шууд хамааралтай. Ажилдаа сэтгэлгүй, санаачлагагүй, аргацаасан байдлаар хандах нь эргээд түмний хүүхдийг хохироож байгаа хэрэг юм. Тиймээс тусгайлсан хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ" гэдгээ чангахан хэлэв.
Түүнээс гадна санал, сэтгэгдэл хэлсэн багш нараас цөөнгүй нь "Зааж байгаа хичээлээ чанаржуулахын оронд хувиараа хичээллүүлдэг төлбөрт сургалтандаа цаг зав, хүч чадлаа зориулж байгаа, ажлын байрандаа архидан согтуурах явдал байсаар байгаа зэрэг нь сурагчдын сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлж байна" хэмээн үзэж байгааг нуугаагүй юм. Мөн багш нарыг өөрийгөө хөгжүүлэх цаг зав, боломж бололцоог нь гаргах тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлж байсан.
Ийнхүү амжилт бүтээл, алдаа оноогоо хэлэлцсэн багш нар ирэх хичээлийн жилдээ "Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц" гаргахад нэгдсэн юм.
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ