Элэгний вирус илрүүлэх шинжилгээнд 1661 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-24 16:46:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны шинжилгээнд Баян-Өлгий аймгаас 1661 иргэн хамрагджээ.

Хөтөлбөрийн хоёрдугаар шат нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 15-39 насны иргэд элэгний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэж, эмчлүүлэх боломжтой юм.

Эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээллээр энэ удаагийн шинжилгээнд тус аймгийн 42,9 мянган иргэн хамрагдах ёстой байна. Өнөөдрийн байдлаар 1661 иргэн шинжилгээ өгснөөс 19 иргэнээс С, 73 иргэнээс В вирус илэрчээ. Мөн 11 иргэн хорт хавдраар өвчилдөг нь тогтоогджээ. 

Вирус илэрсэн иргэдийн вирусийг тоолох, эмчлэх ажил үргэлжлэн явагдах аж.

Хөтөлбөрийн хоёрдугаар шат энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа сумын Эрүүл мэндийн төв, аймгийн төвийн иргэдийн хувьд багийн өрхийн эмнэлэгт очиж өгөх ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил хэрэгжсэн хөтөлбөрийн нэгдүгээр шатанд тус аймгийн 7564 иргэн хамрагдаж, вирус илэрсэн 1273 иргэн эмчилгээ хийлгэж байжээ.   

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ