"Хонгор брэнд"-ийн бяслаг эрэлт ихтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-24 15:06:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд үйлдвэрлэсэн сыр/бяслаг/-ийг Шангрила, Сити Тоуэр гэсэн хоёр зочид буудалд нийлүүлж байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тус бяслагийг дээрх зочид буудлууд олон үндэстний хоол зуушинд хэрэглэн, жуулчдын талархлыг хүлээгээд байгаа юм.
1994 онд Швейцарь хүнээс сурсан мэдлэгээ өргөжүүлж, бодит ажил болгосон С.Цэцгээ “Сүүн билэгдэл” ХХК-аа Эрдэнэцогт суманд ажиллуулан "Хонгор брэнд"-ийн бяслаг үйлдвэрлэж байна. Эднийх барууны технологиор Тилзит, Чеддар, Гриере гэсэн гурван төрлийн бяслагийг сарлагийн сүүгээр үйлдвэрлэж байгаа аж. Тус үйлдвэрийн бяслаг тэр даруй худалдаанд гардаггүйгээрээ онцлог бөгөөд бойжуулж, зах зээлд нийлүүлэхэд багагүй цаг ордог байна.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласан үедээ Номин, Наадам центр, Далай ээж, Миний дэлгүүр, Оргил зэрэг супермаркетуудаар бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд эрэлт ихтэй байдаг гэнэ. Харин энэ жил Баянхонгор аймгийн хэмжээнд зуншлага оройтсоноос сүү ховор, цагаан идээний хэрэгцээ их байснаас шалтгаалж бяслаг үйлдвэрлэл өмнөх оноосоо багасч, дээрх хоёр зочид буудалд нийлүүлж байгаа юм байна.

                                                                                                                                                             Б.Мөнхзул
Холбоотой мэдээ