Хөдөлмөрийн баатрын нэрэмжит Улсын тэргүүний сургууль 80 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-29 22:40:45
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн үүд хаалга гэгдэх Дэлгэр сумын хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй Хөдөлмөрийн баатар Н.Доржийн нэрэмжит Баруун бүсийн шилдэг сургууль, Монгол Улсын тэргүүний сургуулийн түүхт 80 жилийн ой энэ сарын 25-28-ны өдрүүдэд болов. 
Ойн баяр эрхий мэргэн харваачдын цэц мэргэнээ сорин өрсөлдөh тэмцээнээр эхэлсэн бол дараагийн өдрүүдэд тус сургуулийн захиргаанаас үе үеийн төгсөгчдийнхөө сурагч насыг эргэн дурсгасан явган алхалт, хээрийн цай, баярын хурал, концерт, төгсөгчдийн жагсаал гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Харин уламжлалт хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаанаар ойн арга хэмжээ өндөрлөсөн юм. 
Тус сургууль нь тэртээ 1938 онд сайн дурын сургууль байгуулагдах тэр цаг үед нэг багш, 22 сурагч, гурван гэртэйгээр “Тайгамын сургууль” хэмээн байгуулагдаж байжээ. 1940 онд Дэлгэр сумын бага сургууль, 1969 онд бүрэн бус дунд сургууль, 1973 онд дунд сургууль, 2009 онд бүрэн дунд сургууль болон өргөжин тэлсэн байна. Түүнчлэн 1957 онд сургуулийн анхны байр ашиглалтад орж бага боловсрол огох сургалтын орчин 1974 онд 160 хүүхдийн хичээлийн хоёр танхим, биеийн тамирын заал, 1979 онд 100 хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн хоолны газар баригдсанаар Ерөнхий боловсрол олгох төрөлжсөн хичээлийн кабинет, тоног төхөөрөмж, орчин үеийн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлсэн ажээ. 
Төрөлх сургуулийнхаа алдрыг өргөсөн эрхэм төгсөгчдөөс нь дурдвал: Хөдөлмөрийн баатар Н.Дорж, Төрийн соёрхолт академич Д.Содномдорж, Самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүргэдаа, МУГЖ Ц.Оюунцэцэг, МУСГЗ Х.Чилаажав, МУГТээвэрчин Д.Баттулга, МУ-ын генерал Н.Жалбажав мөн З.Пунцаг, Б.Ванчиг, Н.Нагаанбуу, Б.Цогзаяабаатар, М.Эрдэнэбат, Н.Хүрэлбаатар тэргүүтэй түүхч, зохиолч, яруу найрагчид төрөн гарсан билээ.  
Тус сургууль нь 80 жилийнхээ ойн хугацаанд олон арван хүнийг бичиг үсэгтэй болгон мянга шахам хүүхдэд анхан шатны, зуу гаруй хүүхдэд долоон жилийн боловсрол, 2000 гаруй хүүхдэд суурь боловсрол, зургаан зуу гаруй хүүхдэд бүрэн дунд боловсрол олгосон юм. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ