Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Монголын мэдээ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-27 17:46:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдралд багагүй асуудал, шүүмжлэл дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенцийн  зарчимд нийцэхгүй байгаа аж.

Иймээс гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх хэсгийн “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох, мөн хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр батлагдсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болов.
Н.Туяа
Холбоотой мэдээ