Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хотын даргын байр суурийг сонсохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-27 17:07:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим ажилтай газар дээр нь очиж танилцсанаа өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж байр сууриа илэрхийлэв. 
Анх 24 байршилд 35 ААН-ийн оролцоотойгоор 2014 онд нийслэлд эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн 2 жил санхүүжилтийн дэмжлэг байхгүй, төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхой бус зэргээс болж зогсоод байна. Энэ байдлаас болж иргэд хохирч, түрээсийн байр дамжин амьдарч байгаа нь олон болжээ. Мөн гүйцэтгэгч компани ААН нь гэрээний дагуу ажлаа хийсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхамыг хийхгүй байна гэв.
Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэсэн цогц төлөвлөлтийн хөтөлбөр юм. Гэтэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Гангар Инвест”, “Баганат өргөө” зэрэг ХХК барилгуудаа барьж айлууд нүүж орсон хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй, түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй байна. Барилгаа ашиглалтад оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй нь нийслэлийн удирдлагаас хамаарах асуудал болж буй учир НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын байр суурь саналыг сонсохоор боллоо.
 
Холбоотой мэдээ