Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-26 20:19:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан өрсөлдөх чадвар хангалтгүй. Үүний нэг том шалтгаан нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэлтэй. Иймд төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс тамар замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.4 дэх заалтад “3.2.4.5. Зүүнбаян-Ханги-280 км, 3.2.4.6. Эрдэнэт-Овоот-Арцсуурь-780 км” гэж дэд заалт тус тус нэмэхээр, 3.2.4 дэл заалтын “нийт 900 орчим км” гэснийг “нийт 1900 орчи км” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. 
 
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Л.Болд, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн өдрийн хуралдаанаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Бодлогын хувьд агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнэ, тарифыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар өөрчлөн найруулахаар тусгажээ. Төсөл батлагдан хэрэгжснээр агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдан, зах зээлийн зарчмаар өрсөлдөх, зорчигч тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үнэ тарифыг бууруулах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна. 
 
Зам тээврийн хөгжлийн сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Монгол Улсын агаарын тээврийн боломжийг бодитой судалж, ашиглалтыг тэлэх гарцын талаар, үүнтэй холбоотой тооцоо судалгаа бий эсэхийг тодруулсан. Онгоцны шатахууны хангамж, импортын эх сурвалжийг нэмэгдүүлэх, үнэ өртгийг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл, тайлбар авлаа. Ийнхүү санал санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Энэ үеэр дээрх төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг М.Оюунчимэг гишүүнээр ахлуулан байгууллаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ