Батлан хамгаалахын алба хаагчдын цалин хөлсийг нэмэхийг Сангийн яамнаас хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-26 17:39:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгад, улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 байгууллага, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан болон Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг тусгасан байна. Мөн татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн дүгнэлтээр анх удаа “зөрчилгүй” гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нарын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлээс үүдэн батлан хамгаалахын салбарт хангалттай төсөв суулгадаггүй байсныг шүүмжлэв. Мөн эдийн засагт эерэг өөрчлөлт гарч буй энэ үед батлан хамгаалах салбарын алба хаагчдын цалин хөлсийн нэмэх, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд анхаарч, 2019 оны төсөвт тусгахыг Сангийн яамны удирдлагуудаас хүслээ.
Ийнхүү байнгын хорооны санл, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн өдрийн хуралдаанаар  Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Батлан хамгаалахын сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ