Боловсрол мэргэжил хоёрын огтлолцол

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-06-24 19:36:57
“Ажилчин ангийн яруу алдар бадартугай”. Энэ бол монголчуудын социализм байгуулж байх үеийн гол уриа нь бидний туулсан зам, амьдарлын салшгүй нэг хэсэг. Гэхдээ тэр үеийг өнөөдөр бараанаар дурсах нь бий.   Тэгвэл тэр үеийн зөвлөлт Дагестаны яруу найрагч Расул Гамзатов “ Өнгөрснөө  чи гар бугаар буудвал Ирээдүй чамайг их буугаар буудна”  гэж шүлгэлсэн байна. Гэнт эдгээрийг яагаад дурсав гэхээр шалтгаан байна. Яруу найрагчийн онож хэлсэнээр өнгөрсөн амьдрал (социализм)-ыг бид гар буугаар буудаж болохгүй. Тэгвэл ирээдүй биднийг их буугаар буудах болно. Энэ хоёрыг нэгтгэж буюу салгаж ойлгоход их түвэгтэй. Тийм болохоор эндээс ганцхан “ажилчин” гэдэг  үгийг  сугалж аваад бусдыг нь  орихоод цаашаа явах хэрэгтэй гэж үзлээ.

Ажилчин хүний нэр  хүндийг өндөрт өргөх гэсэн   цаг үеийн үзэлсурталын утаа, манан дунд өнгөрсөн зуунд манайд мэргэжил хэмээх нэр томъёо жирийн хүмүүсийн дунд   нэлээд бүдэг байжээ.  Аж үйлдвэрийн компинад 1934 онд суурь нь тавигдсан гэж үзвэл ажилчин гэх нэр алдар тэндээс эхтэй. Тэгвэл мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоо түүнээс хойш 30-аад жилийн дараа буюу 1960-аад оноос эхэлсэн гэнэ. Тэр үед ЗХУ (ОХУ)-ын Техник мэргэжлийн сургууль (ТМС)-д барилгачин, тракторын жолоочийг бөөнөөр нь бэлтгэж эхэлсэн байдаг. Мөн ийм   тогтолцоо манай улсад ч энэ үеээс бүрэлдэн тогтсон байна. Энэ хооронд мэрэгжилтэй ажилчин бэлтгэхдээ дамжаа, тухайн үйлдвэр нь  залуучуудыг дагуудуулах хэлбэрээр бэлтгэж байсан гэх.

Гэхдээ ажилчин хүн бүрийн нэр хүндийг өргөөд явсан уу гэвэл үгүй. Харин тэднээс цоолдон авч цөөн хүнийг онцгойлон магтан дуулж, цаг үеийнх нь нүүр царай болгох арга хэрэглэж байсан гэж ахмадууд хэлдэг юм. Түүнийг мэдэх гэрч монголоор дүүрэн байна. Тэр бүхнийг энд дурьдах нь илүүц. Үнэхээр тэр цаг үеийн нүүр царай болж байсан шиг ээ ажилчин хүний амьдрал хангалуу байсан уу гэвэл өөр өнцөг гарч ирнэ. Бас л эргэлзээтэй. Цаг үе нь тухайн хүнээс өндөр хэрэглээ шаардаж байгаагүй тул ажилчдын авдаг  цалин нь хүрэлцээтэй мэт ойлгогдож байсан байж болох талтай.

Мэрэгжилтэй ажилчин системтэй бэлтгэх тогтолцоо хожим бий болсон нь нарийн мэргэжлийг  бүдэгрүүлэх нэг шалтгаан байсан байж болох магадлалтай. Ер нь энэ үед мэргэжил нь дандаа хүнийхээ сүүдэрт явж ирсэн байх хэв шиж ажиглагддаг. Нэг үгээр хэлбэл мэргэжил нь чухал биш хүн нь чухал байжээ. Энэ нь  тухайн үед мэргэжилтэн ховор байсан гэдгээр цагаатгагдаж болох юм. Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг энэ тогтолцоо үгүй болоод бас олон жил болжээ. Харин одоо бол мэргэжилтэй ажилчинг Мэргэжил сургалт үйлдвэрийн төв (МСҮТ)-өөр бэлтгэж байгаа юм.

Улсын хэмжээнд 83 МСҮТ-д үйл ажиллагаа явуулж байна. Түүний  49 нь бие даасан, 19 нь коллеж, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяанд байна. МСҮТ-д 2017-2018 онд 36 мянган суралцагчид суралцжээ. МСҮТ-ийн байдлыг ажиглахад гол төлөв хоол үйлдвэрлэл, оёдол, мужаан гар урлал гэсэн уламжлалт ойр зуурын мэргэжлээр сургадаг. Харин техник технологийн нарийн мэргэжил олгох нь цөөхөн юм билээ.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн МСҮТийн багш Н. Ганболд “Манай сургуульд ерөнхий боловсорлын дунд сургууль төгссөн хүүхэд орж суралцвал цаашдаа ШУТИС-д ороход маш хялбар болно гэж мэргэжил олгодог сургуулиа нийтэд танилцуулж   байна. Түүний  хэлж байгаагаас харахад, эхлээд мэргэжилтэй болно. Дараа нь дээд  боловсролтой болдог  уламжлалт тогтолцоо тэнд хэрэгжиж байгаа бололтой. Тэрбээр цааш нь өөр мэргэжилээр их дээд сургууль төгссөн залуучууд техникийн нарийн мэргэжил эзэмших гэж манай МСҮТ-д элсэх болоод байгаа гэж  хэлсэн юм. Эндээс эхлээд дээд боловсорлтой болчихоод дараа нь нарийн мэргэжил эзэмшихээр   МСҮТ-д суралцаж байгааг мэдлээ. Энэ бол шинэ мэдээ. Ийм санаачлагыг цааш нь хөгжүүлэх шаардлагтай гэж үзэж болно.

Их, дээд сургууль, коллежийн  тоо 96  хүрчээ. Түүнд 2017-2018 онд 155 мянга 200 суралцагч суралцсан байна. Тэдний 130 мянга нь баклавар болно. Жил бүр хэдэн арван мянгаар төгсөж байгаа  тэдэнд ажлын  байр олдох магадлал тун бага. Хэтрүүлж хэлэхэд, тэдний зарим  нь   дээд сургуульд эзэмшсэн  эдийн засагч, нийгмийн чиглэлийн  мэргэжилээр төрд алба хашиж хоол олж идэх боломжгүй. Тэд харин олж авсан дээд боловсрол дээрээ нарийн мэргэжил эзэмшээд авах юм бол ажилтай болох, өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломж нэмэгдэх магадлалтай.

Энэ өнцгөөс харвал ТМС-иас гараагаа эхлээд Их, дээд сургуульд ордог уламжлалт тогтолцоотой зэрэгцүүлэн боловсролтой (дипломтой) иргэдийг мэргэжилтэй болгох  шинэ тогтолцоо бий болгох  хэрэгтэй болжээ. Хэрэв ийм тогтолцоотой болвол мэргэжил, боловсрол хоёрын огтлолцол шинэчлэгдэж
сургалт амьдралд ойртох юм биш үү.  Ийм тогтолцоотой болоход эхний ээлжинд мэргэжлийг дээд, доод гэж ялгаваралдаг бидний толгойд гүн суусан ойлголтыг арилгах хэрэгтэй болно. Амьдралд боловсорлоос илүү одоо нарийн мэргэжил шаардлагатай болсон болохоор тогтосон буруу ойлголт арилах биз. Харин төр засаг амьдарлын гүнээс урган гарч байгаа дээд боловсролтой иргэд нарийн мэргэжил эзэмших шинэ хэлбэрийг яаж хүлээн авах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Г.Эрдэнэбат

Холбоотой мэдээ