Тува руу хулгайд алдсан малаа авах гэтэл өгөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-20 15:26:48
Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн малчин Б.Төрмөнхийн 63 үхэр өнгөрсөн 5-р сарын 17-18-нд шилжих шөнө, мөн багийн малчин Д.Гостоорогийн 60 ижилтэй 1 азарга адуу энэ сарын 12-13-нд шилжих шөнө тус багийн Булгийн эхний 1 дүгээр заставын 84, 91 дүгээр тэмдэгтүүдээр ОХУ-ны Тува улсын хил руу хулгайлагдаж гарсаныг тус хилийн застав тогтоосон байна.
Дээрх малын хулгайн асуудлаар ОХУ-ын Тува, Монголын хамтарсан эрлийн баг энэ сарын 16-18-ны өдрүүдэд эрэл хийсний үр дүнд малчин Б.Төрмөнхийн 50 тооны үхрийг Тува улсын нутаг Мөнгөн тайгын раойны Дунд жигэртэй хэмээх газарт байсныг олж илрүүлэн, ОХУ-ын хилийн заставт хүлээлгэн өгч, энэ сарын 18-ны өдрийн 10 цагт дээрх үхрийг хүлээлцэхээр хоёр улсын хамтарсан эрлийн баг тохиролцсон байна. Эрлийн баг тохиролцсон цагтаа малчин Б.Төрмөнхийн үхэр хүлээлцэхээр тухайн цэг дээр очих үед ОХУ-ын Тувагийн эрлийн баг үхэр хүлээлцэх комиссын гишүүд ирээгүй байна гэдэг шалтгаанаар хоёр цаг хүлээлгэжээ. Гэтэл гэнэт Мөгөөмөрөн хамтралын гишүүн гэсэн машин унаатай хэсэг согтуу хүмүүс ирж, хашаа хороог эвдлэн хулгайд алдсан үхрийг хөөж явсан байна. Дээрх үйл ажиллагааг Мөнгөн тайгын раойны хурлын дарга, Засаг дарга нар зохион байгуулсан ба Тува талын эрлийн комисс ч гэсэн дээрх хүмүүсийг ирэхийг хүлээж эрлийн багийг албаар 2 цаг саатуулсан аж. Ямар учраас ингэж, дээрэмчид шиг аашилж байгааг тодруулвал та нар адууны эрэлд явж байгаа адуугаа л хай, үхэр хайх ёсгүй, тэгээд ч үхрийг хилээр гарсан ул мөрийг хоёр тал хүлээлцээгүй илрээгүй, адууны ул мөр л хүлээлцсэн учир адуу л хай бид өгөхгүй гэсэн байна. Эрлээр иргэн Д.Гостоорогийн 60 ижилтэй адуу олдоогүй байна.
“Өөрийн малаа нүдээр үзэж, харахын заяа байвч авахын заяагүй булаалгалаа. Тухайн раойны дарга нар хүртэл хулгайчдаа дэмжээд мал туугаад явлаа. Зүс тамга, тоо толгой, өнгө зүс нь хүртэл таараад байхад танай биш манай мал гээд шууд л дээрэмдээд авч явлаа шүү дээ. Том гүрний дарангуйлал гэж энэ байх даа” хэмээн Бөхмөрөн сумын малчид халаглаж байлаа. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ