Зүүн Азийн хотын дарга нарын уулзалтаар агаарын бохирдлыг ярилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-06-14 16:03:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-нд болно.
Бээжин, Гуанжоа, Москва, Чита, Улаан-Үд, Токио, Сөүл, Пусан зэрэг  хотын төлөөлөл оролцох энэ удаагийн форумаар "Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь" сэдвээр харилцан туршлага солилцож хамтран ажиллах талаар ярилцана гэж НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. “Гол нь бид энэ удаагийн форумаар дэлхий нийтэд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хүндрэлийг хамтдаа хэрхэн яаж туулах талаар санал солилцож, бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх ямар асуудал байгааг хэлэлцэнэ. Манай талаас агаар, орчны бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санал тавина” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.
Энэ удаагийн форумаар мөн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын дэргэд байнгын ажиллах Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Хүрээлэн буй орчин, нийгэм-эдийн засгийн тулгараад буй асуудлаар жил бүр өөр өөр сэдвээр хуралддаг Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг анх 2014 онд Улаанбаатар хотын зүгээс санаачлан зохион байгуулж иржээ. Энэ удаагийн форумын зардлыг зохион байгуулагч Улаанбаатар хотын зүгээс нийслэлийн төсвөөс гаргаж, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа авч байгаа аж. Зарим томоохон хотын төлөөлөгчид өөрсдийн зардлаар ирж оролцох юм байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ