“Монголоо сонсъё” нээлттэй өдөрлөг сумдад үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-13 19:24:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монголоо сонсъё” аян 06 дугаар сарын 02-ны Сүхбаатар аймагт нээлтээ хийсэн. Улмаар тус аяны хүрээнд 12 суманд нээлттэй өдөрлөгөө зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 11-ний өдөр тус өдөрлөг Баяндэлгэр суманд боллоо. Өдөрлөгт Баяндэлгэр сумын иргэд хөдөлмөрчид, АН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөл оролцсон юм.

“Монголоо сонсъё” аян нь АН-ын шинэчлэлийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Тийм учраас Монгол Улсынхаа иргэн бүрийн дуу хоолой, санал хүсэлтийг сонсох зорилгоор улс орон даяар тус нээлттэй өдөрлөгийг хийж байгаа аж.

“АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ? Монголын улс төр 28 жил ардчилсан тогтолцоогоор явлаа. 2016 оны шат шатны сонгуульд АН тодорхой хэмжээгээр ялагдал хүлээсэн. Энэ ялагдал нь АН шинэчлэгдэх ёстой, дараагийн шатандаа гарах ёстой гэсэн албан даалгаварыг ард иргэд өгсөн. Тиймээс бид энэхүү аянаа улс орон даяар эхлүүлээд маш амжилттай явж байна. АН энэ шинэчлэлийнхээ хүрээнд таван асуудлыг хамгийн түрүүнд тавьж байгаа. Хэн нэгэн хүнийг солих бус үндсэн суурь ухагдахуунуудаа зайлшгүй шинэчлэх цаг болжээ. Ингээд АН өөрсдийн дүрмээ өөрчилсөн. Дараа нь үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулсан. 28 жилийн хугацаанд сайн тал олон байсан ч нөгөө талаар ардчиллын нэр хүндийг унагасан олон муу зүйлүүд бий болжээ. Гуравдугаарт АН намын санхүүжилтийн асуудлаа шийдэхдээ анх удаа, бусад намуудаас түүчээ болгож шилэн санхүүтэй болохыг уриалсан. Үүний дараа бодлогын нам байхыг зорьсон. Хамгийн сүүлийн асуудал бол зөвхөн намын гишүүдийн хүрээнд бус нийт иргэдээ сонсдог байя гэж тодорхойлсон. Ингэж байж жинхэнэ утгаараа шинэчлэл явагдана. Тиймээс иргэн бүр өөрийн санал бодлоо чөлөөтэй бидэнтэй хуваалцаарай. Бидний хувьд Сүхбаатар аймгийнхаа долоо дахь сумандаа ажиллаж байна. сумдын иргэд хөдөлмөрчид олон үнэтэй саналуудыг хэлж, намын шинэчлэлийг маш ихээр дэмжиж байна.” хэмээн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Ганибал нээлтийн үгэндээ хэллээ.

Харин иргэд шинэ залуу боловсон хүчнийг ажлын байраар хангах, төрийн албаны сахилга хариуцлагыг шат шатандаа дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, малчдын хүүхдүүдийг зургаан настай сургуульд оруулах асуудлыг хэлэлцэх, намын шинэчлэлийн хүрээнд намын гишүүд өөрсдөө үлгэр жишээч байх шаардлагатай зэрэг саналуудыг хэлж байлаа.

Сумдад ажиллах ажлын хэсэгт АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Төмөрхүү, У.Болдхүү, Г.Самбуу,  аймгийн АН-ын дэд дарга Г.Алтансүх, Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүн Э.Амарбат, Ардчилсан оюутны холбоо /АОХ/-ны тэргүүн А.Дуламсүрэн, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Батбаатар нар багтжээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ