Ханхөгшин хайрханыг тайж тахих ёслол өргөн дэлгэр боллоо /Сурвалжилга/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-07 07:16:22
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Алтай, Хангайн нурууны салбар уулсаар хүрээлсэн Өврийн сайхан хангай нутагт түүх домгийн биелэл, цаг хугацааны гэрч, зон олны шүтээн болсон хайрхан уул олон бий.
Тэдгээрийн нэг болох Ханхөгшин хайрханы тэнгэрийг тайх тахилга 2018 оны 6 дугаар сарын 4-нд буюу билгийн тооллоор зуны эхэн сарын шинийн хорин нэгний өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хайрхандулаан сумын нутагт орших “Ханхөгшин хайрхан”-ыг орон нутгийн тахилгат хайрханаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахих шийдвэрийг гаргасан байдаг.  Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг эдүгээ 4 дэх удаагаа үйлдэж байгаа юм.
Үндэсний их баяр наадмаас ч дутахгүй хөл хөдөлгөөнтэй, хөөр баяртай болдог их тахилгын сургаар хол, ойроос зочид гийчид хүрэлцэн ирсний дотор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтох, Олимпийн хүрэл медальт, Монгол улсын ардын багш, гавъяат тамирчин Ч.Дамдиншарав гээд олны танилууд ч цөөнгүй байлаа. Түүнчлэн Хайрхандулаан сумын уугуул, суугуул иргэд, Ханхөгшний хормойд өсөж торнисон хүн бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс зорьж ирсэн нь энэ уул аавыг орлох ачлалтай болохыг илтгэнэ.
Ийнхүү үүрийн гэгээ туяарсан Сумъяа гарагийн өглөө Өвөрхангай аймгийн удирдлагууд, ард иргэд, зочид бүгд мандах нартай уралдан Хайрхандулаан тийш хүлгийн жолоо залж, уламжлал ёсоор урьтал болгон Гүн овоо, Гүн нуурнаа хүндэтгэл үзүүлэхээр очив. Хан уултай эн адил хүндэтгэл хүлээдэг эртний шүтлэгт нэгэн овоо Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутагт бий. Гүн овоог тахиснаар Ханхөгшин уулын тахилга эхэлдэг түүхтэй ажээ.

Түүний хойхно Гүн нуур бий.  Монгол түмний шүтээн Богд Очирваань гэгддэг Отгонтэнгэр хайрханы мөнхийн толь нь Бадархундага нуур хэмээн сүсэг бишрэлт ард түмэн ярьдаг. Тэгвэл Ханхөгшин хайрханы мөнхийн толь нь Гүн нуур аж. Далайн төвшнөөс дээш 1753 метрийн өндөрт мяралзах Гүн нуурыг хөлгүй, ямар ч гантай цагаар ширгэж дундардаггүй хэмээн нутгийн иргэд өөр хоорондоо хуучилж байлаа. 18 дугаар зууны дунд үед энэ нуур, овоо хоёрт “ГҮН” уол өргөмжлөн олгосон байна. Ноёд дээдэст хүртээдэг цол хэргэмээр уул овоо, ус нуурыг шагнасан байдаг нь онгон дагшин, дундаршгүй баян байгаль эхийгээ унаган төрхөөр нь хайрлан дээдэлж, хүндэтгэн сүсэглэж ирсэн хосгүй өв соёлын илэрхийлэл юм.
2006, 2010, 2014 онуудын тахилга, тайлгын үеэр хийгдэж байгаагүй нэг ёсыг энэ удаа гүйцэлдүүлсэн нь нууранд мөнгөн ембүү өргөх үйлдэл байв. Нуураа аргадан цалин цагаан мөнгө өргөдөг эртний уламжлалын дагуу гишүүд, дарга нар ийн үйлдлээ.
Зуны эхэн сар хэдийн адагтаа орж хэвийсэн атал сугсалзсан ногоо ургах байтугай, суваг жалга ч цайрч харагдах нь гуниг төрүүлэх. Ургамлын гоёмсог, усны тунгалгийг гайхан бишрэх энэ цаг үед өнжмөл борог өвс ширүүн хавсраганд сугарч, халцгай цагаан газар элсэнд дарагдан байхыг харсан хүн бүр дуу алдан шогширч явав. Үнэндээ, хүн бүрийн  сэтгэлд хайрханаа хурдхан шиг тахин хур бороо гуйхыг хүсэмжилж буй нь илт. Сүр бараатай харагдах хайрханы бэлд яаравчлан очсон эрчүүд шуудхан тийш зүглэх нь сэтгүүлч миний таамгийг батална.

Товлосон цаг болоход хөтлөгчийн зүгээс /Цэвэлсүрэн/
... Баруун баян алганд тань баяртай төрсөн
Ар баян алганд тань азтай төрсөн
Зүүн баян алганд тань зүйтэй төрсөн
Өвөр баян алганд тань өлзийтэй төрсөн
Нуган үрс чинь, нутгийн хүүхдүүд чинь
Онгод сахиус тань оршиж буй
Оронгийн эзэн лусууд чинь цуглаж буй
Оргил их магнайд тань
Овоо их шүтээнд тань
Тахилга ёслол үйлдэхээр
Тал талаасаа цуглаж ирлээ
Тарни шившлэгээ дуудан ирлээ
Таалан соёрхож, таалан болгооно уу хэмээн онгон дагшин хайрханы эздийг урин залж, уухайн түрлэгээр сүр жавхааг илтгэв.
Тахилгын эхэнд Ханхөгшин хошууны харъяа сумдын болоод аймгийн тугийг залсан нь урд хожид хийгдээгүй шинэ ёслол байлаа. Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Ганболд нээж,  Ханхөгшин уулын тэнгэрийг тайх айлтгалын бичгийг ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал уншин сонордуулж,  Арвайхээр, Уянга сумын Ганданпунцоглин, Ганданцэмпилэн хийдийн лам хуврагууд байгаль хангайгаа аргадсан ном уншиж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж цагаан азаргаа сэтэрлэж,  лусын бумба залах, цэнхэр өнгийн торго, арц хүж тэргүүтнийг хайрханы тэнгэрт өргөх, цагаан сум хөөргөх зэрэг олон ёс жаягийг гүйцэлдүүлж эхлэв. Овоо босгосон газар нь эрчим хүчний төв, ер бусын ид шидтэй орон зай агаад энд онгод хийморь сэргээгч тэнгэр эрхэстэй холбоо барьдаг гэдэгт итгэдгийн улмаас уул овоог тахих зан үйл жилээс жилд өргөжин хөгжиж байгаа билээ. Тэрчлэн уул овоог тахих шүтлэг бишрэлээс хамааран хорио цээрийн ойлголтууд бий болсон ба ихэнхи хайрханд хүүхэд, эмэгтэйчүүд гардаггүй.

Ханхөгшин хайрханы тахилгын овоонд мөн адил эмэгтэй хүн очиж болохгүй “дүрэм”-тэй ба  бүсгүйчүүд уулын бэлээс сүү, цайны дээжээ өргөн үр хүүхэд, гэр бүл, нутаг ус гээд сэтгэлдээ дээдэлдэг бүхнээ даатган залбирч байв. Хайрханы оргилд багагүй хугацаанд саатан зорьсон хэргээ сэтгэлчлэн бүтээсэн хүмүүс баяр бахдалтайгаар доош бууж очсоны дараа бэсрэг наадмын үйл ажиллагаа эхлэсэн юм.
Орон нутгийн төрийн тахилгат шүтээн уул
Өвөг дээдэс буурлын хувь заяа, баян хайрхан
Буян хишгийн цагаан мөртэй сайхан уул хэмээсээр О.Батжаргал эрийн гурван наадмыг нээж, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дууны дээж, бүжиг бүжих уян эгшгээр хурсан олны сонорыг мялаан мэлмийг баясгав. Тахилгын наадамд хүчит 64 бөх зүүн, баруун жигүүрээс дэвэн гарч хүч юугаа сорин барилдсан бол их нас, соёолон, дааганы уралдаан барианы зүг тоос татуулж, эрхий мэргэн харваачид эвэрт сумаа эвшээлгэн татлаа.
Шүтлэгтэй нэгний айдас, баяслыг төрүүлж, шүтлэггүй хүмүүний гайхаш сонирхлыг татдаг зүйл Ханхөгшний тахилгын дараа заавал болдог аж. Ихэвчлэн цэлмэг байсан тэнгэрт хоромхон зуур үүл хуралдаж, бороо дусагнан шивэрч эхлэдэг байна. Энэ удаа тэнгэр газрыг нийлүүлсэн хуй шороо босч, зон олны сэтгэл, итгэлийн  чанарыг шалгасны дараа хур бороогоо хайрлалаа. Ханхөгшин хошууны нутгаар асгарсан бороо хүн, малын зоог тэнийлгэн сэтгэлийн цангааг тайлжээ.

Арвайхээр хотоос 100 гаруй, Хайрхандулаан сумаас хойш 20 гаруй километрт, далайн төвшнөөс дээш 2978 метр өндөрт өргөгдөн орших Хан хэргэмт уулын 4 дэх удаагийн тахилга ийнхүү өндөрлөв.
Уг хайрханыг 13 дугаар зууны үеэс 1937 он хүртэл тайж тахиж ирсэн боловч улс төрийн үзэл суртлын дор мухар сүсгийг халах нэрийдлээр таслан зогсоосон байна. Хожим 1989 оны зуны дунд сард нутгийн иргэд овоо тахилгын зан үйлээ сэргээжээ.
Домогт өгүүлснээр Ханхөгшин уул нь шовх өндөр оройтой байсан агаад энэ сайхан уулыг харж сэтгэлээ баясган явсуу хэмээн уулын орой хэсгийг Манжийн хаан үүлээр нүүлгэн Бээжин хотын ойролцоо байх Шанаган нуурны дунд аваачиж тавьсан хэмээжээ.
Юутай ч хайрханы орой тайраад авчихсан юм шиг тэгш, тэрүүхэндээ булаг шандтай бөгөөд дээхнэ хот айл зусдаг байсан тухай дурсамжийг Г.Шийлэгдамба “Шүтээн” номондоо дурдсан байдаг. 
Өндөр тэргүүндээ сүлдэн тахилгатай, өрлөг түүхэндээ тамган зарлигтай, хүлгийн шанадас, буяны даллагатай, хүмүүн төрөлхтөнтэй хүйн холбоотой Ханхөгшин хайрханаа тахин шүтэх сүүн өргөлтэй дардан замыг 2022 он хүртэл тавиад байна.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ