Улаангом хотод шинэ цэвэрлэх байгууламж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-18 13:02:00
 Увс /МОНЦАМЭ/. 2018-2019 онд Улаангом хотод Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр орчин үеийн шинэ цэвэрлэх байгууламж баригдахаар болсон байна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны цэвэршилтийн түвшин дээшилж, байгальд ээлтэй хаягдал усыг гаргах, саарал усыг эргүүлэн ашиглах, газар тариалан, хөдөө аж ахуйд бордоо байдлаар ашиглах, метан гаргаж авах зэрэг дэвшилтэт ажлуудын эхлэл тавигдах юм байна.
2001 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаангом хотын цэвэрлэх байгууламжид шинэчлэлт хийгджээ. Уг цэвэрлэх байгууламж нь ашиглалтын зардал бага, эдийн засгийн хувьд ээлтэй ч бохир усны цэвэршилтийн түвшин хангалтгүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэйгээс ийнхүү шинээр барихаар болсон байна.
Улаангом сумын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг НААҮ-ний “Чандмань-Увс” компани хариуцаж ажилладаг юм. Тус компани нь нийтийн орон сууцны 1800 өрх, 220 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжид хоногт 1200-1400 м3 усыг олборлон түгээж, мөн ийм хэмжээний усыг татан зайлуулж цэвэрлэж байна. Усны үнэ тарифын хувьд орон сууцны айл өрхөд нэг литр усыг 42 мөнгөөр, гэр хорооллын айл өрхөд хоёр төгрөгөөр худалдах тариф үйлчилж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ