ШШГГ-ын дэргэд Мужаан цех нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-16 17:35:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэд ажиллах Модон эдлэл, мужаан, сийлбэрийн цехийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мужаан сийлбэрийн сургалтыг хичээллүүлж эхэлжээ. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Политехник коллеж хамтран зохион байгуулсан тус сургалтад алба хаагчид нь болон хүмүүжигчид хамрагдсан байна. Ийнхүү зургаан сарын хугацаанд зохион байгуулсан сургалтын дүнд мужааны аргад суралцсан хүмүүжигчид ажиллах "Мужаан сийлбэр"-ийн цехийг ийнхүү Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэд байгуулж байгаа аж.
Мэргэжил олгох сургалт хичээллэснээр мужаан сийлбэр хийх ур чадвар, технологийн мэдлэгийг дээшлүүлэх, хамтран уялдаатай ажиллах нөхцлийг бүрдүүлжээ. Тус цехийн үйл ажиллагаа тогтмолжсоноор хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, суллагдахад нь нийгэмд ажиллаж амьдрах боломжийг хангах зэрэг олон талын ач холбогдолтойг цехийн үйл ажиллагааны нээлтэд оролцсон хүмүүс хэлж байв .
                                                                                                 Б.Мөнхзул
Холбоотой мэдээ