"Сэтгүүлч" ордонтой болохыг дэмжихээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-10 16:23:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг өнөөдөр Иргэний танхимд хүлээн авч уулзлаа. 
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийнх нь урилгыг хүлээн авч ирсэн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, инженер техникийн ажилтнуудад талархаж буйгаа илэрхийлээд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, реакцууд нэг талыг барьсан, нэг өнцөгтэй мэдээллээс аль болохоор зайлсхийж, нийгэмд болж буй сөрөг үзэгдлийг шүүмжилж, аймаг орон нутагтаа эрүүл сэтгүүлзүйг төлөвшүүлэхийн төлөө ажиллахыг чухлыг онцлов.
Энэ уулзалтаар аймгийн МСНЭ-ийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргад хандаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Үүнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт туссан 1000 сэтгүүлчийн орон сууц барих заалтын хүрээнд аймгийн төвд орон сууцны газар, сэтгүүлч ордонтой болох, Баянхонгор аймагт хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, 2018 оныг Баянхонгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор “Хонгор нутгаараа бахархъя” уран бүтээлийн аялал зохион байгуулах төсөл, орон нутагтаа нийгэм, эдийн засгийн тодорхой салбараар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд бодлогоор дэмжих зэрэг хүсэлтүүдийг багтаажээ.
Уг хүсэлтийн хариуд аймгийн Засаг дарга, Орон нутгийн сэтгүүлчдийн орон сууцны газрыг нэн тэргүүнд шийдвэрлэх, 2019 оны төсөвт "Сэтгүүлч" ордны 200 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй барилгын төсвийг суулгах саналаа ИТХ-д оруулж, хэлэлцүүлэхээр боллоо. Үүнээс өмнө МСНЭ-ээс аймгуудад баригдах Сэтгүүлч ордны зураг төслийг танилцуулах үүрэг МСНЭ-ийн салбар зөвлөлд оногдож байна. Мөн тодорхой хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай Баянхонгор аймагт хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэх, “Хонгор нутгаараа бахархъя” аялал зэрэг ажилд зориулж 9.6 сая төгрөгийг шийдвэрлэв.
Цаашид орон нутагт үйл ажиллагаа идэвхтэй, тогтмол явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын боловсон хүчний болон техникийн боломж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх орон нутгийн сангийн зээлд хамруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Батжаргал нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж “Сэтгүүл зүйн салбар хараат бус байх зарчмаа хадгалж ажиллах ёстой гэдэгтэй би санал нэгддэг. Гэхдээ төрийн дэмжлэгийн гадуур байж болохгүй. Энэ утгаараа бид цаашид дэмжлэгээ нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ төр дэмжлэг үзүүлснийхээ төлөө хэвлэл мэдээлэлд цензур тогтоох ёсгүй. Би энэ зарчмыг баримталж явдаг хүний хувьд өөрийн харьяа хэлтэс, газар, агентлагийн удирдлагууд, төрийн албан хаагчдад ийм шаардлагыг тавьж ажилладаг. Цаашид ч ийм байх болно” гэв.
Энэ үеэр "Өнөөгийн Баянхонгор" сонины менежер П.Отгонбаярыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын шийдвэрээр "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг аймгийн Засаг дарга Г.Батжаргал гардууллаа. Тэрээр тус сонинд 20 орчим жил ажиллаж буй ахмад ажилтны нэг юм.
Баянхонгор аймагт гурван телевиз, хоёр сонин, хоёр сайт, богино долгионы радио нэг, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, ТВ9 телевизийн орон нутаг дахь сурвалжлагчид ажиллаж байна.
                                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ